Рэшфорд болон Александр-Арнольдын ах нар зодуулж, дээрэмдүүлжээ

Өнгөрсөн бямба гаригт Манчестерийн Little Rock кафед зэвсэгт этгээдүүд халдаж, үйлчлүүлэгчдийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Буу, бэйсболын цохиур зэргээр зэвсэглэсэн этгээдүүд кафед дайран орж, дээрэм хийсэн байна.

Зодуулж, дээрэмдүүлсэн хохирогчдын дотор Английн “Манчестер Юнайтед”-ын довтлогч Маркус Рэшфордын ах Дэйн Рэшфорд, “Ливерпүүл”-ийн хамгаалагч Трент Александр-Арнольдын ах Тайлер Александр-Арнольд нар байжээ. Тэд нэг найзын хамтаар гурвуулаа тус кафегаар үйлчлүүлж байх зуур гэмт этгээдүүд халдсан гэнэ.

Дэйн Рэшфордын цагийг, Тайлер Александр-Арнольдын түрийвч мөн Range Rover-ийн түлхүүрийг дээрэмдэн зугтжээ. Range Rover-ийг холгүй орших нэгэн гудамжинд орхисныг дараа нь олсон байна.

Хоёр хөлбөмбөгчийн ах нар эмнэлэгт хүргэгдсэн ч хүнд гэмтэл аваагүй тул удалгүй эмнэлгээс гарчээ. Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй  17-58 насны зургаан этгээдийг удалгүй цагдаа нар баривчлан, шалгаж эхлээд байгаа аж.

Дэйн Рэшфордын найз бүсгүй Лорин Гудман олон нийтийн сүлжээнд болсон явдлын талаар бичихдээ “Амьдрал ямар хэрцгий аймшигтай байж болохыг өнөөдөр бодитоор мэдэрлээ” гэжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE