Фредди Меркьюригийн амраг эмэгтэйд Bohemian Rhapsody-гийн орлогын хувь оногдоно

Bohemian Rhapsody уран сайхны кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс дэлхийн кинотеатруудын дэлгэцнээ гарснаас хойш ойролцоогоор 600 сая гаруй еврогийн орлого олоод байна.

Queen хамтлагийн алдарт дуучин Фредди Меркьюригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны орлогын 19 хувийг түүний амраг байсан эмэгтэй Мэри Остин хүртэх ажээ.

Фредди Меркьюри 1970 онд Мэри Остинг 19 настай байхад анх танилцжээ. Коллеж төгссөн залуу зураач, рок дуучин, хөгжимчин Фредди Меркьюри Мэри Остинтой долоо хоногийн 10 паундын үнэтэй өрөө хөлслөн хамтдаа амьдарч эхэлсэн гэдэг. Мөнгө олохын тулд Фредди зах дээх  лангуу түрээслэж, тэндээ зургуудаа зардаг байж. Эхэндээ өрөөндөө тэд хөшиг ч авах мөнгөгүй байсан талаар дурссан удаатай.

Мэри Остин нэгэн удаа “Хоёулаа хүүхэдтэй болвол ямар вэ?” гэж асуухад Меркьюри ихэд уурлаж “Би яаж хүний эцэг болж чадах вэ дээ! Би чамд хань болохгүй. Чи хүүхэдтэй болж надаас мөнгө л салгах гээ юу! Та нар бүгдээрээ ийм шүү дээ” хэмээн уурлан гарч одсон аж. Ингээд бүх зүйл дууслаа гэж Мэри Остин бодож байтал хэд хоногийн дараа Меркьюри түүнтэй уулзаад “Би ижил хүйстэн” гэж хэлсэн юм билээ. Ингээд тэд амрагийн харилцаагаа тасалж, сайн найзууд үлджээ.

Фредди Меркьюри ДОХ тусч, таван жилийн турш түүнийгээ олон нийтээс нууж явсан ч өвчний оношоо хамгийн түрүүнд хэлсэн хүн бол Мэри Остин гэдэг. Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Меркьюри ойр дотныхноо ч танихаа больж, хоол идэж чадахгүй болсон үед дэргэд нь өдөр бүр байсан хүний нэг нь мөн л Мэри Остин.

“Би эрэгтэй, эмэгтэй олон хүнтэй амрагийн харьцаатай байсан. Хайр сэтгэл гэдэг бол миний хувьд орос рулеткатай төстэй. Үнэндээ яг намайг хүнээр минь хайрласан хүн үгүй. Тэд миний алдар нэр, хөрөнгө мөнгө, тансаг амьдрал, гоё чамин хувцсанд нь л дурласан. Гэхдээ Мэригээс бусад нь шүү…” гэж Фредди Меркьюри хэлсэн байдаг.

Тэгээд ч Фредди Меркьюри гэрээслэлдээ өөрийн уран бүтээлийн орлогын 50 хувийг эззэмших эрхийг Мэри Остинд үлдээж буйгаа тэмдэглэсэн байдаг. Хожим дуучны эцэг эх өөд болсны дараагаар Мэри Остины эзэмшлийн хувь 75 болж өссөн юм. Одоо тэгвэл Bohemian Rhapsody-гийн орлогын 19 хувь ч түүнийх болох ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE