Энди Маррей оймсоо өмсөхдөө ч зовиурлах болсон тул спортоо орхиж магадгүй

Талбайн теннисний “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг Австралийн нээлттэй тэмцээн ирэх даваа гаригт эхэлнэ. Тус тэмцээний эхний шатанд Их Британийн тамирчин Энди Маррей Испанийн Роберто Баутиста-Агуттай учраа таарсан.

Гэвч тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу өнөөдөр Энди Маррей хэвлэлийн хурал зарлалаа. Тамирчид тэмцээний өмнө хэвлэлийн хурал зарладаггүй. Аль болох л хэвлэлийнхэнтэй цөөн харилцахыг хичээж, тэмцээндээ гол анхаарлаа хандуулдаг. Тиймээс Маррей хэвлэлийн хурал зарласан нь муу дохио гэдгийг теннис сонирхогчид шууд мэдэрсэн юм.

“Их дуулга”-ын дөрвөн тэмцээнд бүгдэд нь финалд шалгарч, хоёрт нь түрүүлсэн /Уимблдон, АНУ-ын нээлттэй  тэмцээн/ 31 настай британи теннисчин Энди Маррей хэвлэлийн хурлын танхимд харцаа нуун доош ширтэн суухыг хараад нэгэн сэтгүүлч “Таны бие зүгээр үү?” гэж эхэлж асуув. “Тааруу” гэж Маррей хэлснээ гүнзгий амьсгаа авч яриагаа үргэлжлүүлэх гэсэн ч чадалгүй танхимаас гарч одлоо…

Тэгснээ эргэн орж ирээд “Намайг уучлаарай. Сэтгэл санаа тааруухан байна. Ер нь сэтгэлээ нэг онгойлгоё гэж бодоод л яваа юм. Гэмтлийн улмаас 20 сарын турш би зовиур мэдэрч, шаналж явна. Гуяны гэмтлээ эдгээхийн тулд хийж чадах бүхнээ хийчихсэн. Хагас жилийн өмнөхөөс бол одоо арай дээр. Гэлээ ч гэсэн өвчин зовиур урьдын адил хүчтэй мэдрэгдсээр байгаа. Үнэхээр хэцүү байна” гэж Маррей өчив.

  • Тэгвэл та энд тоглох уу?
  • Тийм ээ, тоглоно. Гэвч өөрийнхөө хүссэн түвшинд хүрч тоглож бол чадахгүй. Зөвхөн түвшинд ч хэргийн учир байгаа юм биш. Би өвчин зовиур их мэдэрч байна. Урьдынх шигээ тоглож чадахааргүй болсон. Түрүүн хэлсэнчлэн уг нь би чадах бүхнээ л хийлээ. Гэвч тус болсонгүй.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур би хамтран ажилладаг багийнхандаа “Ингэж үргэлжлүүлж чадахгүй нь ээ” гэж хэлсэн. Хэзээ эдгэх, хэзээ өвчин намдах нь мэдэгдэхгүй ийм гэмтэлтэй үед ямар нэгэн зааг, цэг баримжаалахгүй бол болдоггүй юм байна.

Тиймээс би залуустаа хэлсэн. “Уимблдон хүртэл л тоглочихьё” гэж. Учир нь би тэнд тоглохыг маш их хүсч байна /хоолой нь зангиран нулимс унагав/. Тэнд л би замналаа өндөрлүүлэхийг хүснэ. Гэвч яг одоо би төдий хүртэл тэсч чадах эсэхээ ч мэдэхгүй байна /уйлав/.

  • Тэгвэл энэ таны сүүлчийн тэмцээн гэж үү?
  • /Уйлав/. Тийм ээ, магадлал өндөр боллоо. 4-5 сарын дараагаар дахин энэ зовиурыг тэвчин тоглоно гэдэгтээ би эргэлзэж байна. Дахиад нэгэн хэцүү хагалгаа хийлгэх арга бий л дээ. Энэ хагалгаа өдөр бүрийн зовиур өвчинг үгүй болгоно гэсэн. Тэгэхээр би энэ талаар бодож байна. Ийм хүнд хагалгааны дараагаар талбайдаа буцан гарч чадсан тамирчин бий. Гэхдээ баталгаа байхгүй. Ер нь энэ хагалгааг өвчин зовиургүй л амьдрахын тулд хийлгэдэг болохоос спортод буцаж ирэхийн тулд хийлгэдэггүй юм.

  • Тэгвэл хагалгаа хийлгэх нь эргэн талбайд гарахын төлөө биш өвчин зовиур л арилгах зорилготой хэрэг үү?
  • Тийм ээ, зовиурыг л намжаах гэж. Одоо бид завсарлагын үеэр зүгээр алхаж явах болсныг та бүхэн харах болно. Түүнийг харахад л зовиур нь илт шүү дээ. Үүнээс гадна зүгээр жирийн амьдралын өдөр тутмын асуудлууд гэж бий. Гутал, оймсоо ч зовиурлалгүй өмсдөг болмоор байна.Гэвч энэ хагалгааны дараагаар мэргэжлийн спортын талбайд дахин гарна гэдэг их хэцүү. Уимблдоны дараагаар Боб Брайан ийм хагалгаа хийлгээд одоо буцан талбайд гарч эхэлж байна. Би түүнтэй олон удаа ярилцсан. Гэвч хос тоглолт болон ганцаарчилсан тоглолтын ачаалал тэс өөр. Тэгэхээр баталгаа даанч алга.

  • Та энэ бүхнийг сэтгэлзүйн хувьд хэрхэн даван туулж өдийг хүрэв ээ?
  • Эхэндээ би гуяны гэмтлийнхээ талаар олон удаа ярьж байлаа. Бүр дэндүү олон удаа. Өдөр бүр шахам. Надаас хүн бүр энэ талаар асуудаг. Би уулзсан болгондоо л ярьж явсан. Гэвч сүүлдээ залхсан. Сэтгэлзүйчтэй ч энэ талаар нэлээн олон удаа ярилцсан. Гэлээ ч ярилаа гээд нэмэр алга. Ярилаа ч гэсэн дуртай зүйлээ хиймээр л санагдах юм.

Яахав би үргэлжлүүлээд яриад байж болно… Ярилаа гээд гэмтэл эдгэхгүй. Хэрвээ эдгэчихсэн бол ёстой жинхэнэ ярьж явахгүй юу. Гэвч тэгсэнгүй.

news1.mn Р.Гэгээ

SHARE