Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой ноцтой баримт өчигдөр надад ирсэн

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү танхимын нөхөр Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос тодруулав. Энэ явцад тэрээр улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц удаашралтай байгааг шүүмжлэв. Энэ тухайд Хууль зүйн сайд Ц.Нямдорж ноцтой мэдэгдлийг хийв. Тэрээр “Зайлшгүй шалгах ёстой онц ноцтой баримт  миний нэр дээр ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон миний нэр дээр ч ирсэн. Тэр бүхнийг шалгаж, яриад байгаа зүйлийн учрыг олоорой гэж холбогдох байгууллад шилжүүлсэн. Хамгийн сүүлчийн ноцтой баримт өчигдөр надад ирсэн. Ямбатан ч бай ялтан ч бай адилхан Монгол Улсын иргэн. Тиймээс адилхан шалгах ёстой учраас би холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн. Түүнийг мухарлахгүй бол огт болохгүй. Ирсэн өргөдөл явуулсан шилжүүлсэн бүх бичиг надад байгаа. Холбогдох газарт очсон. Өмгөөлөгчийн эрхийг хэрхэн ноцтой зөрчсөн тухай өмгөөлөгчид өөрсдөө над дээр ирж уулзсан. Би хүлээж авч үгийг нь сонсох эрхтэй. Нууцаар халхавчилж өмгөөлөгчийн эрхэд хүмүүнлэг бус хандсан явдал гарсан. Ийм зүйлүүдийг барим тавим яриад байгаа учраас анхаарахгүй байж болохгүй” хэмээв.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE