Танилц: УИХ-ын гишүүн Л.Энхболд ингэж ЖДҮ-дсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулав. Түүний танилцуулгад УИХ-ын гишүүн Л.Энхболдын ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон тухай ингэж тайлбарлав. Тодруулбал:

УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Үүнийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.  Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE