Леди Гага “Алтан бөмбөрцөг”-т 5 сая ам.доллараар гоёжээ

Нэгдүгээр сарын 7-нд Лос-Анжелест “Алтан бөмбөрцөг” гардуулах 76 дахь удаагийн ёслол болсон. Тус ёслолд итали гаралтай 32 настай Стефани Жоанн Анжелина Жерманотта буюу уран бүтээлийн Леди Гага нэрээрээ олны танил болсон бүсгүй Шилдэг эмэгтэй гол дүр болон Шилдэг киноны дуу төрөлд нэр дэвшсэн.

“Алтан бөмбөрцөг”-тэй орондоо…

Хэдийгээр Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гардаж чадаагүй ч гэсэн AStar Is Born киноны дуугаараа “Алтан бөмбөрцөг” гардаж чадсан юм. Кино урлагт дөнгөж анхны алхмаа хийж буй хэрнээ “Алтан бөмбөрцөг”-т хоёр ч төрлөөр нэр дэвшиж, нэгийг нь атгаж чадсан Леди Гага тус кинонд бараг өөрийнхөө дүрийг бүтээсэн гэхэд хилсдэхгүй. Гол дүрийн бүсгүй олны танил биш дуучин. Тэрбээр алдар нэртэй хүлээн зөвшөөрөгдсөн од болохын тулд ямар зам туулж буйг кинонд харуулдаг.

“Би ч гэсэн 19 настайдаа хөгжмөө үүрээд л студийн хаалга татаж явдаг байлаа” хэмээн Леди Гага өгүүлсэн юм.

Түүний шагнал гардснаас гадна ёслолд хэрхэн гоёж очсон нь олны сонирхлыг их татжээ. Леди Гага цэгээн цэнхэр өнгийн уртаас урт хормойтой даашинзаар гоёсон. Энэ бол Valentino-гийн бүтээл юм. Даашинзныхаа өнгийг дагуулан үсээ мөн цэгээн цэнхрээр будаж тун чиг мэдрэмжтэй гэдгээ дахин харуулсан.

Мөн зүүсгэл гоёлуудынх үнийг хэвлэлүүд тооцож үзжээ. Tiffany-гийн ээмэг, байгалийн цэвэр сувд болон алмаз эрдэнийн шигтгээтэй гурван бугуйвч, мөн Aurora-гийн хүзүүний зүүлтээр гоёсон юм. Гоёл зүүсгэл болон даашинзын үнийг нэмээд тооцвол 5 сая ам.доллар хүрч байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Жүди Гарленд

Леди Гага “Алтан бөмбөрцөг”-т өмссөн даашинз нь тохиолдлын  сонголт биш . 1954 онд Жүди Гарленд мөн A Star Is Born­ киноны гол дүрээрээ “Алтан бөмбөрцөг” гардахдаа үүнтэй тун төстэй даашинзтай тайзнаа гарсан тул дөхүүлж дууриалган хийлгэсэн ажээ.

Улаан хивсний ёслолд киноны хамт олноос гадна найз залуу Кристиан Карино нь дагаж явсан юм. Тэднийг өнгөрсөн жилийн хавраас эхлэн дотно харилцаатай болсон талаар мэдээлэх болсон.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE