Хоёр хулгайч л бие биеийнхээ хулгайг уудалж байгаа юм

 

Д.Дорлигжав, Т.Ганболд хоёрын хэрүүл уг нь удаж байгаа юм. Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин ажлаа өгөхийнхөө өмнө 4 сая долларын гүйлгээний баримтыг цахим сүлжээнд дэлгэн тавьж байлаа. Тэр бол одоогоос дөрвөн жилийн өмнө 2014 оны өвөл л дөө.

Тэр үед Т.Ганболд “Алтандорнод Монгол”-оо татварын өрнөөс нь арайхийн салгаад албан тушаал, эрх мэдлийн бядын хатуу хүндийг мэдэрч зутарсан нэг муу бизнесмэн байв. Харин Д.Дорлигжав бол Улсын ерөнхий прокуророос Хууль зүйн сайдын сандал руу үсэрч суусан Монголын бяртай нөлөөтэй нэгэн байлаа.

Өмнөхөн нь Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад Т.Ганболд хоёр ч удаа шоронд ороод гаргасан байдаг. Ингээд дараа нь Т.Ганболдоос Д.Дорлигжавт өгсөн 4 сая долларын баримт дэлгэгдсэн.

Гэвч юу ч болоогүй. “Голомт”-ын Д.Баясгалан, Чангаагийн Бямбаа хоёр гарч ирээд Т.Ганболд, Х.Тэмүүжин хоёрыг няц дарсан даа.

Харин өнөөдөр Д.Дорлигжав гудамжинд гарч, Т.Ганболд компанийн захирал хэвээрээ байв. Т.Ганболд баримтаа дахин гаргаж тавилаа. Тэр нь одоогоос сар гаруйн өмнө л дөө.

25 дугаар суваг телевизэд “Дорлигжавын дүүгийн дансаар 4 сая доллар шилжүүлсэн” гэж ярьчихаад гадагшаа явж хэд хоночихоод ирэв. Тэр хоорон Д.Дорлигжав Ийгл телевизэд очоод “Ганболд бол яаж ч мэдэх хүн. Намайг гүтгэлээ. Хоёр гарыг нь өргөтөл явах болно. 4 сая доллар нэхэмжилнэ” гэв.

Гэтэл өнгөрсөн даваа гаригт /2019.1.7./ ердөө гурав хоногийн өмнө Т.Ганболд Монголд ирчихсэн Цензургүй ярилцлагад ороод баллаж өглөө. Яг тэр үед нь АТГ-ынхан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар хоёрын гэр, оффист нь нэгжлэг хийгээд шөнөдөө баривчилж 461 дүгээр ангид аваачиж хорив. Д.Дорлигжавын найз Чангаагийн Бямбааг бас хорьсон.

Өрнөсөн үйл явдал ердөө энэ. Өнөөдөр /2019.1.9./ Д.Дорлигжав нарыг 30 хоног хорих шийдвэрийг шүүх гаргасан байна.

Энэ үйл явдлыг дагасан цахим сүлжээний экспертүүд даваа гаригаас эхлээд завгүй ажиллаж байна. Зөвхөн цахим сүлжээнд бус, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, уг учир мэдэх хүмүүсийн яриагаар С1-ээр машид зоригтой, цензургүй ярьсан Т.Ганболд ардын баатар болж байх шиг байна. Харин өнөөх муу Д.Дорлигжав бол ёстой алуулж байна. Яасан ч муу нэртэй юм, ам нээсэн болгон л муулах юм.

Яг үнэндээ өнөөдөр нэг талаас авлигач, рекэтчин, нөгөө талд нэг ардын баатар байгаад байгаа юм огт биш.

Хоёр хулгайч л бие биеийнхээ хулгайг ярьж, хэрэлдэн тэмцэлдэж байгаа юм. Д.Дорлигжав, Т.Ганболд хоёр бол нөөгийн улс төр, бизнес дэх энгийн хоёр дүр.

Д.Дорлигжав бол хулгайч. Олон жилийн өмнө Эрдэнэтээс 800 мянган доллар хулгайлсан. Одоо хавтаст хэрэг нь ч олохгүй дээ гэж Т.Ганболд хэлж байна лээ. Тэр үнэн байх.

Сүүлийн жилүүдэд Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Т.Ганболдоос лав 9 сая доллар, бусад хүмүүсийнхтэй нийлээд 130 сая доллар авчихсан гэж Т.Ганболд бас ярьсан. Эдгээр нь нотлогдвол Д.Дорлигжав ихийн их гарын хулгайч байсан байгаа юм. Тэр дээр үеийн машины цуглуулга нь ил болчихсон, зураг нь тараагдаж байна. Энэ бол насаараа төрд зүтгэсэн хүнд яагаад ч байх боломжгүй эд.

Д.Дорлигжавт хамаатай өөр хэргүүд ч гарч ирэх төлөвтэй. Ерөнхий прокурор байхдаа Монголд хороолол барьсан таван хужааг хөөж гаргаад, тэр хорооллыг нь дүүгийнхээ нэр дээр авчихсан гэж бас ярьдаг. Хятадад очсон хүмүүстэй өнөөх хужаа нар уулзаад “Танай прокуророос хохирлоо авах юм сан” гэж ярьсан гэдэг мэдээлэл бий.

Энэ мэтээр Д.Дорлигжавын үйлдэл нэмэгдэх магадлалтай л гэсэн үг.

Ардын баатар Т.Ганболд бол ариухан амьтан биш ээ. Бас л нэг хулгайч. “Голомт”-той нийлж яаж будлиулдгаа тэр их гоё өнцгөөр ярьж байна. Өөрөө хохироогүй бол Д.Баясгалан хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөөр яаж тоглодгийг тэр дэлгэхгүй. Дарханы төмөрлөгийн үлйдвэрийн дарга байхад нь “Жаст”-ын оруулсан мөнгийг өөрийнх нь гарын үсэгүй “Голомт” татаад авчихсаныг тэр бас л өнөөдөр ярьж байна.

“Алтандорнод Монгол”-ын татварын 75 тэрбум гаруй төгрөгийн өрийг тэр яаж барагдуулсан талаар нэлээд сонирхолтой мэдээлэл бий. Олон жил өгөлгүй заргалдаж яваад 2013 онд холион бантан хутгаж байгаад цайруулсан байдаг юм. Өнөөх үйлтэй Тариалан эрхлэлтийн санд хэрэгтэй хэрэггүй баахан юм шахаж, “бартер” маягаар өр барагдуулсан нь гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл гэдэг юм. Татвар бол төрийн л мөнгө. Татвараа төлөхгүй байна гэдэг төрөөс хулгай хийж байна гэсэн үг.

Бас Т.Ганболд Д.Дорлигжавт л дээрэмдүүлж өгсөн болохоос бусад улстөрчдөд бүгдэд нь хандив нэрээр авлига өгч байснаа бас хүлээлээ. Ам нь халаад энэ талаараа хамаагүй бурна лээ.

Нэг үг байдаг. Бичигдээгүй хууль ч гэх нь бий. Зову олсон мөнгөө хэн ч хэнд ч зүгээр өгдөггүй юм. Гэтэл яагаад Монголын улстөрийн бараг л бүх нөлөө бүхий хүмүүст “хандив” өгдөг нь анхаарал татахгүй байх аргагүй. Оросыг ухвал татар гэдэг шиг Т.Ганболдыг сайн ухвал авлига, хулгай хоёр ёстой нэг цувраад гарч ирж мэднэ шүү.

Нэгэн цагт энэ хоёр хулгайчийн Д.Дорлигжав нь бяртай байсан шиг өнөөдөр Т.Ганболд нь хэн нэгэн том эрх мэдэлтний өвөр, нөмөрт орж чадсан байна. Тэгээд машид итгэлтэйгээр маш том дуугарч байна.

Гэвч маргааш гэдэг өдөр ирнэ. Т.Ганболдын хэлснээр сайн цаг ирж буй.

Тэр үед Т.Ганболд ч бас хулгайгаа ухуулж, хуулиар шалгуулж таарна. Харин өнөөдөр хууль хүчнийхэн улс төрийн шалтгаангүйгээр, үнэнээсээ баривчилсан бол Д.Дорлигжав хуулийн шийтгэл хүлээх нь лавтай.

Иймээс бид энэ хоёрын нэгийг авлигач, нөгөөг нь баатар болгож шагших огт хэрэггүй. Хоёр хулгайч бие биеийнхээ хулгайг л уудалцгааж байгаа юм шүү.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE