Саятан эр эхнэрийнхээ нууц амрагийн хүүхдүүдийг 20 жил тэжээснээ мэджээ

MoneySupermarket-ийн эзэн, Их Британийн саятан эр Ричард Мэйсон хэдэн жилийн өмнө эхнэрээсээ салахдаа гурван хүүгээ өөр дээрээ авч үлдэн, өсгөн хүмүүжүүлсээр иржээ. Хэдэн жилийн өмнө дахин гэрлэсэн ч хүүхэдтэй болохгүй байсан тул эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөр эмнэлэгт очсон байна.

Гэтэл шинжилгээний хариу Ричард Мэйсоныг цочролд оруулж, ихэд бухимдуулсан гэнэ. Учир нь шинжилгээгээр түүнийг төрөлхийн үргүй гэсэн хариу гарсан аж. Өөрөөр хэлбэл, саятан эр 20 жилийн турш эхнэрийнхээ нууц амрагийн хүүхдүүдийг тэжээж, өсгөснөө ойлгожээ.

Ингээд Ричард Мэйсон хуучин эхнэрээсээ хариу авахаар 250 мянган паунд нэхэмжлэн шүүхэд хандсан байна.

Эхнэр нь хөвгүүдийг Ричардынх гэж мэдүүлээд эмч нар шинжилгээндээ алдаа гаргасан гэж мэлзжээ. Гэвч ДНК-гийн шинжилгээгээр 19 настай хоёр ихэр хүү болон 23 настай том хүү нь Ричард Мэйсоны хүүхдүүд биш гэдэг нь нотлогдсон байна.

Ийнхүү хэрэг явдал дэгдсэн тул хоёр ихэр хүү нь Ричард Мэйсоноос нүүрээ буруулж, уулзахаа больжээ. Харин том хүү нь юу ч боллоо гэсэн өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд үргэлж талархаж, аав гэж бодож явна гэдгээ захидлаар илэрхийлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE