Дэлхийн хамгийн баян эр гэр бүлээ цуцлуулахаа зарлалаа

Дэлхийн толгой баян, Амаzon-ий тэргүүн, хамтран эзэмшигч Жефф Безос 55 насны төрсөн өдрөөсөө гурван хоногийн өмнө гэр бүлээ цуцлуулахаар болсноо эхнэрийнхээ хамт зарлалаа. Олон нийтийн сүлжээнд тэдний мэадээлснээр бол харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёулаа гэр бүлээ цуцлуулахаар шийджээ.

“Бидний амьдрал дахь өөрчлөлтийг хүмүүс үнэн зөвөөр нь дуулаасай гэж хүсч байна. Бид хоёр гэр бүлээ цуцлуулж цаашид найз нөхөд шиг үлдэхээр шийдсэн. Бид хоёр 25 жилийн дараагаар ийм байдалд хүрнэ гэдгээ урьдчилан мэдсэн бол мөн л энэ амьдралаараа л амьдрах байсан” хэмээн мэдэгдэлд дурьджээ.

Жефф Безос эхнэр Маккензитайгаа Нью-Йоркт танилцсан гэдэг. Маккензи ажлын ярилцлагад ороход анх бие биенээ харжээ. Үүнээс хагас жилийн дараагаар тэд гэрлэхээр шийдэж, хамтдаа 25 жил амьдарлаа. Тэд гурван хүүтэй, мөн Хятадаас охин үрчлэн авсан юм.

Безос гэр бүлээ цуцлуулах тухай мэдээлснээс хойш хүмүүс голчлон хөрөнгөө хэрхэн хуваах тухай болон Дэлхийн толгой баяны байр сууриа алдах тухай нь түлхүү сонирхож, ярилцаж эхэлжээ. Тэд гэрлэлтийн гэрээтэй учир эд хөрөнгөө тус гэрээний дагуу хуваан авах юм байна. Хэрвээ гэрлэлтийн гэрээгүй байсан бол Вашингтон мужийн хуулийн дагуу эд хөрөнгөө эн тэнцүү хуваан авах шаардлагатай болно.

Маккензи Безос эдүгээ 48 настай зохиолч эмэгтэй. Түүний 2006 онд бичсэн ном Америкийн шилдэг номуудын нэгээр шалгарч, шагнал гардсан удаатай юм.

Forbes-ийн тооцсноор бол Жефф Безос 139.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. 2018 оны гуравдугаар сард Forbes-оос гаргасан Дэлхийн баячуудын жагсаалтыг энэ дүнгээрээ тэргүүлсэн.

Безос гэр бүлээ цуцлуулах тухай зарласнаас хойш Amazon-ий хувьцааны үнэ бага зэрэг унаад амжжээ.

Р.Гэгээ

SHARE