Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Чойжилсүрэн “зарлиг”-даад Төрийн банкнаас гаргасан 20 тэрбум төгрөгийн хэрэг сөхөгдлөө

 

2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханд нэгэн бичиг хүргүүлжээ.

Тэр бичигт “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэжээ.

Ингэхээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн тэр зөвшөөрлийн дагуу 20 тэрбум төгрөг Төрийн банкнаас гараад явчихсан гэсэн үг.

Энэ мөнгийг гаргахдаа “Зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр” гэсэн.

Ингэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд Төрийн банкны ТУЗ–ийн дарга Б.Нямаагийн нэр дээр Чиглэл өгөх тухай албан бичиг явуулжээ. Б.Нямаа нь өөрийнх нь яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан.

Тэгэхээр Сангийн сайдаас Төрийн нарийн бичгийн даргадаа Төрийн банкны ТУЗ–ийн даргын хувьд чиглэл өгсөн гэсэн үг.

Сангийн сайдын тэр  чиглэлд “Танай байгууллагын ТУЗ–өөс “Хүсэлт гаргах тухай 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 01а/11235 тоот албан бичигтэй танилцлаа. Танай банк нь хувьцаа эзэмшигчийн зүгээс өгсөн чиглэлийн дагуу банкны шаардлага, зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах ажил, банкны үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгээд байгааг харгалзан үзэж, банкны хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулалгүйгээр дараах чиглэлийг баримтлан ажиллах чиглэлийг үүгээр хүргүүлж байна. Үүнд:

–Банкнаас олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дүн 5.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх

 

–Нэг зээлдэгчид болон банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив, хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь 5.0 тэрбум төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш дүнтэй биш байх

–Зээл шийдвэрлэх эрх хэмжээг Зээлийн ерөнхий хороонд бүрэн шилжүүлэх.

Ингэхдээ хувьцаа эзэмшигчийн зүгээс танай банкинд 2016 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 7-1/5765 тоот албан бичгээр хүргүүлсэн зарим чиглэлүүд, Монголбанкнаас танай банкинд Банкны тухай хуулийн зарим заалтууд, “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ын хүрээнд хийсэн шалгалт болон ээлжит шалгалтын дүнгээр тус банк нь зээлийг холбогдох журмын дагуу ангилаагүй, зээлийн эрсдлийн санг дутуу байгуулсан, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл дутуу, зөрүүтэй, давхардуулан нийлүүлсэн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн зэрэг зөрчлүүдийг арилгах талаар Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны долдугаар сарын 22-ны өдрийн тушаалыг тус тус үндэслэн дээрх үүргүүдийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг улирал тутам Сангийн яаманд ирүүлж байхыг үүрэг болгож байна” гэсэн байв.

Үүгээр 5.0 тэрбумаас дээш санхүүжилтийг Төрийн банкнаас гаргахгүй байхыг үүрэгдсэн байгаа гэсэн үг.

Гэтэл Б.Чойжилсүрэн өөрөө үүнд хамааруулахгүйгээр 20 тэрбум төгрөгийг гаргахыг зөвшөөрсөн нь анхаарал татаж байгаа юм. Тэгээд бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дөхчихсөн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр шүү дээ.

Ийм учраас энэхүү 20 тэрбум төгрөгийг хэн, яах гэж сонгуулийн үеэр авсан бэ, тэрийг юунд зарцуулсан бэ гэдэг анхаарал татаж байсан юм.

Тухайн үед Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ талаар “Эдийн засаг хүнд байсан учраас нэг хүнд олгох зээлийн болон батлан даалтын дүн 5.0 тэрбумаас хэтрэхгүй байх гэсэн албан бичгийг Төрийн банкинд өнгөрсөн оны арванэгдүгээр сард хүргүүлсэн. Харин оны эхний таван сарын байдлаар эдийн засгийн өсөлт гарсан гэдгийг статистикийн мэдээнд дурдсан. Мөн Хөгжлийн банкны энэ оны нэгдүгээр улирлын тайлангаас харахад Төрийн банкнаас нэг хүнд олгох зээлийн хэмжээ 36 тэрбум байх боломжтой болсон байсан. Гэвч бид эрсдэлээ тооцон нэг хүнд олгох зээл болон батлан даалтын хэмжээг 20 тэрбумаас хэтрүүлэхгүй байхаар, ингэхдээ ажлын байрыг олноор бий болгодог салбарт олгох чиглэл өгсөн” гэж хариулж байсан юм.

Гэтэл Сангийн сайд уг нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд зээл, батлан даалтыг 20 тэрбумаас хэтрүүлэхгүй байх чиглэл бус 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах зөвшөөрөл өгсөн байгаа юм.

Ингэхээр Сангийн сайдын хариулт албан бичгээс зөрж байна.

Дараахан нь энэ мөнгийг БНХАУ-ын “Шинжиан Шинфа” ХХК-д өгсөн нь тодорхой болсон.

Төрийн банкныхан ч тэр үед “Сангийн сайд тайлбар өгсөн юм байна. Өмчийн эзэн тайлбар өгчихөөд байхад биднийх илүүц байх” гэж байсан. Харин одоо “…”Шинжиан Шинфа” нь Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай бөгөөд зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой гэсэн утгатай тайлбарыг өгч байгаа аж. .

Юутай ч хоёр жилийн өмнөх 20 тэрбумын асуудлаар Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан шалгуулаад эхэлжээ. Гэхдээ тэрээр яг энэ асуудал дээр зүгээр л гүйцэтгэгч юм. Түүнд “зарлиг” буулгаж, банкнаас нь 20 тэрбумыг гаргуулсан нөхөр бол Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн юм. Тэгэхээр 20 тэрбум гэдэг “олс”-ны үзүүр Б.Чойжилсүрэн рүү аваачиж таарах нээ.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE