Пентагоны тэргүүн Трамптай санал зөрөлдсний улмаас ажлаа өгөхөөр боллоо

Пентагон буюу АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Жеймс Мэттис 2019 оны хоёрдугаар сарын сүүлчээр ажлаа өгөхөөр боллоо. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттерээр зарлажээ.

Мэттисээс Трампад хаягласан захидлаас үзвэл хоёр улстөрч зарим зүйл дээр санал зөрөлдсөн тул ийм шийдвэр гаргахад хүрчээ.

“Та өөртэйгээ адил үзэл бодолтой хүнийг Батлан хамгаалахын сайдаар томилох бүрэн эрхтэй. Миний хувьд огцрох нь зөв гэж үзэж байна” хэмээн Жеймс Мэттисийн Дональд Трампад хаягласан захидалд дурьджээ.

Жеймс Мэттисийг албан ажлаа маш сайн хийсэн гэж Дональд Трамп үнэлж буйгаа нуусангүй. Зэвсэгт хүчний техник хэрэгслэлийг шинэчлэх тал дээр Мэттисийг онцгой сайн ажилласан гэж магтжээ. Харин Мэттис Трампыг Батлан хамгаалах салбар дахь хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлснийг онцлон дурьджээ.

Дональд Трамп ойрын хугацаанд Батлан Хамгаалахын шинэ сайдын нэрийг зарлах юм.

Жеймс Мэттис 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Пентагоны тэргүүнээр томилогдсон. Үүнээс өмнө АНУ-ын тэнгисийн явган цэрэгт ажиллаж, Ирак болон Афганистаны дайнд оролцож байжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE