Канадын сүүлчийн шулам баривчлагджээ

Энэ сарын 11-нд Канадын Онтарио мужаас 33 настай Тиффани Бутч хэмээх эмэгтэйг баривчилжээ. Хараал жатгыг хариулна хэмээн үйлчлүүлэгчдээсээ их хэмжээний мөнгө залилан авсан хэрэгт түүнийг буруутгаж буй юм байна.

Канадын хуулинд “Ид шидийн хүчээр засал хийх нэрийдлээр залилангийн гэмт хэрэг үйлдэх” тухай заалт байсан гэнэ. Тэгвэл энэ сарын 13-нд буюу Тиффани Бутчийг баривчилснаас хойш хоёр хоногийн дараагаар хуулийн тус заалт дахь “ид шидийн хүчээр засал хийх” гэсэн хэсгийг хасч, залилангийн гэмт хэрэгт тооцохоор болсон байна.  Ингэснээр Канадын хууль дахь шулмын орон зай үгүй болж залилангийн гэмт хэрэг үлджээ.

Тиймээс ч хэвлэлүүд Тиффани Бутчийг “Канадын сүүлчийн шулам” гэж тодотгон нэрлэх болсон байна.

Бутчийг хүмүүс “Умардын цагаан шулам” гэж нэрлэдэг юм байна. Тэр өөрийгөө хэзээ ч шулам болж жүжиглээгүй гэж мэдэгдээд “Би далдыг хардаг увдистай хүн” гэж мэдүүлсээр байгаа гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE