ЖДҮХС-ийн зээлийн хэргээр “Капитал” банкинд нэгжлэг хийжээ

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаа, Улсын ерөнхий прокурорын хамтарсан ажлын хэсгийнхэн өчигдөр “Капитал” банкны төв байранд нэгжлэг хийжээ. Улсын ерөнхий прокурорын тушаалаар ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбумын хэрэг зэрэг томоохон хэргүүдийг шуурхай шалгах цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ээлжит шалгалт ийнхүү “Капитал” банкинд оржээ.

Шалгалт өчигдөр 15:00 цагийн үед орж шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн мэдээлэл байна. Шалгалтын дараа холбогдох бичиг баримтуудыг нотлох баримт болгон хураан авч явжээ.

Шалгалтын багийнхан банкийг битүүмжлэн, холбогдох ажилтнуудыг саатуулж болзошгүй гэсэн мэдээлэл байсан юм. Манай сурвалжлагын багийнхан Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв оффист очиход битүүмжилсэн нөхцөл байдал харагдсангүй.

“Капитал” банк ньУИХ-ын гишүүн, “Бишрэлт” группийн ерөнхийлөгч Б.Ундармаагийн эзэмшил юм. ЖДҮХС-аас “Капитал” банк 48 тэрбум төгрөгийн зээл авсан баримт ил болоод байгаа юм.

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан “Капитал” банкнаас дөнгөж сая мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “2011 оноос хойшхи ЖДҮХС-ийн эх үүсвэрээр олгосон төслийн зээлүүдийг шалгах зорилгоор АТГ, ЭЦГ-н Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ЖДҮХС-н зээлийг дамжуулан зээлдүүлэх үүрэг хүлээсэн арилжааны 11 банкинд хяналт шалгалтын ажил ээлж дараалан зохион байгуулагдан хэрэгжиж  байна. Уг шалгалтын хүрээнд 2018 оны 12 сарын 14-ний өдөр КАПИТАЛ БАНК-нд хамтарсан ажлын хэсгийн ажилтнууд төслийн зээлийн материалыг судлах ажиллагаа хийгдсэн. Гэвч энэхүү үйл ажиллагааны талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд ямарч үндэслэлгүй худал, гүжирдлэгийн шинж чанартай мэдээллийг түгээж байгаад бидний зүгээс маш их харамсаж байна. Иймээс КАПИТАЛ БАНКНЫ ХАРИЛЦАГЧИД, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД ТА БҮХЭН үнэн зөв мэдээлэлтэй байж, элдэв худал мэдээлэлд автахгүй байхыг сануулж,  Капитал банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа нягтлан үнэн зөв мэдээллийг нийтэд түгээж ажиллахыг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE