М.Энхболдыг хуулийн хаалгаар л гарга!

Д.Бат-Очир

УИХ хоёр хуваагдаж, талаас илүү нь бойкот зарлалаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг тавиад байгаа.

Гэхдээ шаардлага тавьсан гишүүд хуультай зөрчилдөөд байгаагаа огтоос тоохгүй байгаа бололтой. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын дарга бол “…нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэсэн үндэслэлүүдээр ажлаа өгөх учиртай.

Магадгүй, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах цаад шалтгаан нь МАНАН хэмээх бүлэглэлтэй холбоотой гэж үзэж байх шиг байгаа юм. Гэвч энэ нь зөвхөн хардлага, сэрдлэгийг түвшингийн, шуудхан хэлэхэд баримт, нотолгоотой яг таг эд биш.

Байдал ийм байхад огцруулах шаардлага тавьж гүйгээд байгаа хоёрын зэрэг “алдартай поп” гишүүн УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гаргана гэж мэдэгдсэн байна.

Тэд өнөөдөр УИХ-ын гишүүн болсноо бас ухаарах учиртай. Төрийн өндөр индэр дээрээс гудамжны улстөрөө хийж, эсвэл СХД-ийн ИТХ-ын даргаас УИХ-д нэр дэвшээд попорч байгаа юм шиг үйлдэл үзүүлэх нь төрийн түшээ хүний ёс суртахуунд үл нийцнэ.

Нөгөөтэйгүүр Монгол бол хуультай, тусгаар тогтносон улс. Тийм учраас усыг нь уувал ёсыг нь дагаад УИХ-ын даргыг огцруулах онцгой шаардлага байгаа бол өрөөнөөс нь чирч биш хуулийн хаалгаар гаргах ёстой юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE