“Голомт”-ын Д.Баясгалан 4 сая долларын талаар дөрвөн жил нуусан үнэнээ зохих газарт нь хэлэх цаг болсон

 

2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн 4 сая ам.долларын гүйлгээний баримттай холбоотойгоор “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хурлын эхэнд Ч.Бямбаа “Цахим ертөнцөөр дэлгэгдээд байгаа энэхүү төлбөрийн баримт нь 2011 оны арваннэгдүгээр сарын 16-ны нотариатаар баталгаажуулсан өдрийнх юм. Энэхүү гүйлгээ нь 2011 оны есдүгээр сарын 22-нд  хийгдсэн. Энэ хуулган дээр байгаа 2 сая ам.доллар бол миний  С.В.Паушокт төлсөн мөнгийг одоогийн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын компани буцаагаад  “Голомт” банкинд төлсөн баримт юм.

Үүнийг өөр зүйлтэй холбон яриад байгаад би өнөөдөр их гайхаж байна. Үүний цаана ямар ч авилга байхгүй, цэвэр бизнесийн үүднээс хоёр компанийн хооронд болсон өгөө авааны асуудал юм. Үүнийг хэрвээ үзье, шалгая гэвэл бүх анхан шатны баримтууд нь байгаа. Би сая “Голомт” банк ороод гүйлгээ хийсэн баримтаа гаргуулаад ирлээ.

Энэхүү баримт дээр 4 сая ам.доллар гэж бичсэн нь би тухайн үед уг компанийн ажилчдын цалин болон татварыг яаралтай төлөх ёстой өрийг дарахын тулд найз нөхдөөсөө болон өөрөөсөө мөнгө гаргаад явсан. Үүнийг Т.Ганболд нэгтгэн 4 сая ам.долларыг тухайн компанийг худалдан авахын тулд төлсөн байдаг. Голомт банктай холбоотой харилцагчийн асуудал яригдаж байгаа учраас би хүсэлт тавьж Д.Баясгаланг энд авчирсан” гэлээ.

Харин “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан “Би өнөөдөр энд Бямбаа захирлын хүсэлтээр ирж байгаа. Тэр үед би “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна.  “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан.  Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан Дорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд “Голомт” банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед  Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан байгаа.

Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг БИ ХААНАЧ, ХЭЗЭЭ Ч ЗОХИХ ГАЗАР НЬ ХЭЛЭХЭД БЭЛЭН БАЙГАА” гэлээ.

Өнөөдөр 2018 оны арванхоёрдугаар сарын 14. Яг дөрвөн жил өнгөрсөн байна. Гэхдээ Д.Баясгалан захирал ХААНАЧ, ХЭЗЭЭ Ч ЗОХИХ ГАЗАР НЬ ХЭЛЖ “АМЖААГҮЙ” л байна.

Дөрвөн жилийн өмнө Д.Баясгаланг гарч ирээд ингэж мэдэгдэл хийхэд хэвлэлүүд “4 САЯ ДОЛЛАРЫН ЗАНГИЛААГ ТАЙЛЛАА” гэж бичиж байлаа. Гэвч яг үнэндээ Д.Баясгалан тэр үед 4 САЯ ДОЛЛАРЫН ГҮЙЛГЭЭНИЙ АСУУДЛЫГ НАМЖААСАН байгаа юм.

Д.Баясгаланг “Голомтын Баясгалан” гэдэг. Хүмүүс банкинд нь итгэж мөнгөө хадгалуулдаг шигээ Д.Баясгалан захиралд нь итгэлээ “хадгалуулаад” орхижээ.

Тиймээс түүний ЗОХИХ ГАЗАР НЬ хэлэх цаг нь ирсэн байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Би Дорлигжавт тэр мөнгийг өгсөн” гэж мэдэгдсэн. Харин Д.Дорлигжав болохоор “Энэ бол гүтгэлэг” гэдгээ хэлж таарна.

Тийм болохоор энэ “ХАЙН”-ыг хагалах хүн нь “Голомт”-ын Д.Баясгалан мөнөөс мөн байгаа юм.

Ер нь бол “Голомт”-ын Д.Баясгалан 4 сая долларын талаар дөрвөн жил нуусан үнэнээ зохих газарт нь хэлэх цаг болсон байна.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE