Канчельскис: Моуриньо жилийн чөлөө авах цаг нь болжээ

“Манчестер Юнайтед”-ын ахлах дасгалжуулагч Жозе Моуриньог энэ улиралд таагүй уур амьсгал тойрч байгаа гэхэд хилсдэхгүй. Магадгүй энэ уур амьсгалыг үүсгэгч нь өөрөө Моуриньо биз. Тэгвэл цагтаа “Улаан чөтгөрүүд”-ийн баруун жигүүрийг эзэгнэж, аваргын алдарт хүрч явсан Андрей Канчельскис хэвлэлээр энэ сэдвээр үг дайжээ.

“Ер нь Моуриньо хэзээ ч “Манчестер Юнайтед”-ын фанатуудын дэмжлэгийг бүрэн хүлээж чадахгүй. Яагаад гэвэл тэр клубын уламжлалт довтолгооны арги барилыг өөрчилж, уйтгартай болголоо. Үүнээсээ болж ажлаа өгөх өдөр ирэхдээ л ирнэ. Моуриньо бол хамгаалалтын мэргэжилтэн. Фергюсоны 30 жилийн хугацаанд бий болгосон хурц довтолгооны арга барилыг тэр өөрийнхөөрөө өөрчилж байна.

Моуриньо 1:0-ээр ялалт байгуулчихаад сэтгэл хангалуун явдаг байж болно. Гэвч фанатуудын хувьд тийм тоглолт уйтгартай санагддаг. Тэр маш сайн мэргэжилтэн гэдэг нь маргаангүй. Гэвч хөлбөмбөгөөс жилийн чөлөө авах цаг нь болжээ. Сайн амарчихаад дараагийн ажилдаа сэргэг, эрч хүчтэй орох хэрэгтэй.

Моуриньо тоглогчдынхоо итгэлийг алдаж, багийг зангидаж чадахаа больсон. Погба, Де Хеа, Лукаку нар жаргалтай харагдахгүй байна. Магадгүй тэд талбайн гадна Моуриньотой бараг харилцахаа ч больчихсон байж мэднэ. Гэтэл дасгалжуулагч хүн багийг сэргээж, аз жаргал мэдрүүлж, тэмцэлд хөтөлж чаддаг байх ёстой шүү дээ.

Хэн Моуриньог орлох вэ гэж үү? Анчелотти юмуу Почеттино байж болж байна. Тэд “Юнайтед”-ын энэ бүрэлдэхүүнээс гарч болох амжилтыг гаргаж чадна. Моуриньог явахад энэ хоёрын хэн нэгийг нь л “Улаан чөтгөрүүд” авах хэрэгтэй. Мэдээж, тэд ирлээ ч гэсэн Сэр Алексийн алдартай гайхамшигтай тэр үеийг авчрахгүй. Гэхдээ л ядаж “Юнайтед” гэж харагдахаар тоглолтыг гаргуулж чадна” хэмээн Канчельскис өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE