УИХ-ын гишүүд хуралдаандаа суухгүй байгаа нь тангаргаасаа няцсан гэв

УИХ-ын чуулган товлосон хугацаандаа хуралдаж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж чадахгүйд хүрснийг хуульчид шүүмжилж эхэллээ. Хуульч Б.Ариунболд УИХ-ын гишүүдийн ажил хаялт, чуулганы завсарлага нь Үндсэн хууль зөрчсөн явдал хэмээн өнөөдөр олон нийтэд хандав.

Тэрээр “Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх нь тогтоогдвол эгүүлэн татах хариуцлага ногдуулж ажиллах үүрэгтэй.

  • Үндсэн хуулийн 4-т “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу УИХ-ын чуулганы хуралдааны журам нь Дэгийн тухай хуулиар зохицуулагдаж байна.
  • Дэгийн тухай хуулийн 10-т”Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн… хуралдаанд оролцохгүй байх…-ыг хориглоно” гэж заасан байдаг.

Чуулганы хуралдаанд оролцохоос татгалзаад байгаа нэр бүхий эдгээр 40 гишүүн нь 2016 оны долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.2-т зааснаар “… төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн байдаг. Гэвч УИХ-ын гишүүд тангарагаасаа няцан Үндсэн хууль, Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийг зохион байгуулалттайгаар зөрчиж байна. Мөн төрийн албыг 60 тэрбумаар арилжсан асуудал гаргасан гэх УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх нь эрх зүйт төрийн зарчимд нийцнэ. Хэрэв гишүүдийн саналаар УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн хэм хэмжээ байхгүй бол хуулийн төсөл боловсруулах, өргөн барих, батлах замаар УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэж болно” хэмээв.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE