Хүүхдийн эрхийг зөрчсөн хэргүүдийг шуурхай шалгахыг үүрэгдлээ

Нийслэлийн прокурорын газраас энэ онд прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг дүүргүүдийн хэмжээнд өмнөх оны сүүлийн хагас жил, 2018 оны эхний 10 сарын байдлаар судалж дүгнэжээ.

Өнгөрсөн хугацаанд прокурор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан “Бага насны хүүхдийг хүчиндэх”, 12.3 дугаар зүйл “Бага насны хүүхдийг бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулах”, 12.2 дугаар зүйл “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан”, 11.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн талаарх 128 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 96 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулж, үүнээс 70 орчим хувийг шийдвэрлэсэн байна.

Судалгааны дүнгээс үзвэл энэ төрлийн гэмт хэрэг урьд оныхоос 51 хувиар, тэр дундаа Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 70 орчим хувиар эрс өссөн байгаа нь яахын аргагүй анхаарал татаж байна.

Дээрх гэмт хэрэг үйлдсэн 31 хүний хувьд дийлэнх буюу 77 хувийг 18-40 насны бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй эрэгтэйчүүл эзэлж байгаагийн 32 хувь нь урьд гэмт хэрэг үйлдэн, шүүхээр ял шийтгүүлж байсан этгээдүүд байгаа аж.

Нийслэлийн ерөнхий прокуророос дүүргүүдийн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд байгаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдэд онцгой анхаарч, шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг Дүүргийн прокурорын газруудад өглөө.

Эх сурвалж: news1.mn  Б.ЭНХ

SHARE