В.Путин Германд нууц ажилтан байсан тухай баримт дэлгэгджээ

Германы Bild сонинд “Штази дахь Путины нууц баримт” гарчигтай материал нийтлэгдэж, багагүй дуулиан дэгдээд байна. Штази гэдэг нь БНАГУ /Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс/-ын Аюулаас Хамгаалах яамны товчилсон нэр юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дотоод яамны мэдээлэгч байсан тухай яриа байдаг. Мөн гадаадад тагнуулаар ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн удаатай юм.

Bild-ийн олж тогтоосноор бол 1985-1989 онд БНАГУ-ын Дрезден хотод хошууч Владимир Путин ажиллаж байжээ. Тэрбээр Штазигийн тусгай үнэмлэхтэй тул Аюулаас Хамгаалах яамны байранд чөлөөтэй нэвтрэхийн зэрэгцээ БНАГУ-ын нутаг дэвсгэр дээгүүр саадгүй зорчих эрхтэй байсан гэсэн үг юм.

Владимир Путины намтарт тэмдэглэснээр бол 1975 онд Ленинград хотноо КГБ /Улсыг Аюулаас хамгаалах газар/-ын ажилтнаар ажиллаж эхэлсэн. 1979 онд Москвад КГБ-ын дээд курст зургаан сар суралцаад буцаж Ленинградад очин ажилласан.

1984 онд хошууч цолтой Путин “Гадаадын тагнуул” гэсэн тусгай мэргэжилд нэг жил суралцан хуулийн дагуу болон хууль бус тагнуулын ажил албанд бэлтгэгджээ. Тус тусгай сургуулилтад хамрагдагсад өөрийн жинхэнэ нэрээр ажиллах боломжгүй тул Платов гэдэг нэрийг түүнд оноон өгсөн байдаг аж.

1985-1990 онд БНАГУ-ын Дрезден хотноо гадаадын тагнуулын албан үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үедээ Дрездэн дэх ЗХУ-БНАГУ-ын “Найрамдал” төвийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Владимир Путин герман хэлийг төгссөн эзэмшсэн гэгддэг.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE