14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихэсчээ

Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр Төрийн ордонд “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧДИЙН 88 ХУВЬ НЬ ТӨРСӨН ЭЦЭГ, ЭХЧҮҮД

Манай улсын нийт хүн амын 36,2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвд 160137 дуудлага иржээ. Үүнээс дийлэнх хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн төрсөн эцэг, эх 88 хувь, хойд эцэг, эх 10 хувь, үл таних этгээд 2 хувь байгаа. Иймд хүүхдийг аливаа хүчирхийллээс ангид байлгахад гэр бүлийн орчин хамгийн чухал байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир танилцууллаа.
Хүүхэд хамгааллын асуудал нь дан ганц салбарын яамны хариуцах ажил биш. Салбар дундын хамтын ажиллагааны үндсэн дээр шийдэгдэх болохыг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байсан. Тухайлбал, сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр донтох, цахим гэмт хэргийг хохирогч болох эрсдэл өссөн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2018 онд нийт 27,347 терабайтын дата ашиглаж байна. Нийт хүн амын 85 хувь нь идэвхтэй сошиал хэрэглээтэй байгаа бөгөөд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байхгүй байгааг гаргасан байна.

САДАР САМУУН СУРТАЛЧИЛСАН 667 ВЭБСАЙТЫН ХАНДАЛТЫГ ХЯЗГААРЛАЖЭЭ

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг цахим хэрэглээний донтолтоос хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн “Цахим орчны зохистой хэрэглээ” илтгэлдээ дурдсан юм. Тус байгууллагаас 2013-2018 онд садар самууныг сурталчилсан агуулгатай мэдээлэл байршуулдаг 667 вебсайтын хандалтыг хязгаарлаж, холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу 56 вебсайтын эрхийг сэргээжээ. Мөн гурван жилийн өмнөөс www.ekids.mnwww.happywebs.mn цахим хуудсыг ажиллуулж, цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээг сурталчлах, нийгмийн сүлжээний эерэг сөрөг үр дагавруудын талаарх мэдээ мэдээллийг өгч эхэлжээ. Эцэг эхийн хараа хяналт хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чухал арга юм. Түүнчлэн цахим тоглоомын газруудад тавих хяналтыг сайжруулж, хяналтын системтэй болох шаардлагатай байгааг ч тэрбээр илтгэлдээ онцоллоо.
Харин хүүхэд, өсвөр насныхны дунд хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн тогтолцоо, арьс ба арьсан доорх эслэгийн өвчлөлүүд тэргүүлэх болжээ. 0-19 насны хүүхдүүдийн нас баралтад гэмтэл, хордлого, гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын өвчлөл зонхилсон хэвээр байна. Эрүүл мэндийн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар 20 хүртэлх насны охидын үр хөндөлт нэмэгдэж, аймгуудын ихэнх нь улсын дундажаас дээгүүр, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар нэмэгдэх хандлагатай байна гэсэн үзүүлэлт гарчээ. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлууд нэмэгдэж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд А, Д аминдэмийн дутагдал, шүдний цоорол харанга дэлдэж байгаа бол 14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихэссэн байна. Энэ насандаа хүүхдүүд ганцаардал, бухимдал, нойргүйдэлд өртөж, амиа хорлох тухай бодож төлөвлөх хандлагатай болж байгааг Дэлхийн сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар тогтоосон байна. Иймд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчдийг ажиллуулах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах шаардлага үүсч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн бөгөөд гол нь хуулийг хэрэгжүүлэхэд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын ажлын уялдааг холбоог сайжруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр 2019 оны төсөвт тавигдсан 8 тэрбум төгрөгийг үр ашигтай хяналттай зарцуулахад анхаарч ажиллахыг шаардлагатай байгааг хэлж байлаа. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналуудыг тусгасан зөвлөмж гаргаж, ажил хариуцсан байгууллага бүрт хугацаатай үүрэг чиглэл өгч, Байнгын хорооны зүгээс шахаж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн байгууллага бүрийг 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон ажиллахыг уриалсан юм.

Эх сурвалж: news1.mn

 

 

SHARE