БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцуурлахыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.

Хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн яриаг тоймлов.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Цогцолмаа сайдыг огцруулж, Я.Содбаатар сайдыг чөлөөлж байна гэсэн. Я.Содбаатар сайд ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйсан. Ц.Цогзолмаа сайд шударга ёсны талд байсан. Монголын төрийг ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болгоё гэсэн хүнээ огцруулах гэж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Я.Содбаатар биеийн эрүүл мэндийн улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ц.Цогзолмаа сайдын хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас эс үйлдлээрээ хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн гэж үзсэн.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Миний хувьд хариуцлагаа хүлээнэ гэдгээ илэрхийлсэн байсан. Гэхдээ Я.Содбаатартай адил өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж надаар бичүүлж болох байсан. Би өөрөө шийдвэрээ гаргасан учраас ямар нэгэн байдлаар гоншигнох шаардлага надад байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ц.Цогзолмаа сайд ажлаа тун зоригтой, бодлоготой хийж байсан юм. Харамсалтай байна. Бид нэн яаралтай давхар дээлээ тайлахгүй бол УИХ-д ажлаа тайлагнах ёстой Засгийн газар нь бойкотлоод байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Ц.Цогзолмаа сайд улстөрчийн хувьд зоримог шийдвэр гаргаж байр сууриндаа тууштай байгаад тань баярлаж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Ажлаа хийх бололцоогүй болох хүртэл таныг хэцүү байдалд оруулсан. Боловсролын салбар гурван жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзэж байна. Таныг сайдаар ажиллах хугацаанд энэ салбарт тодорхой ахиц дэвшил гарсан. Таныг ийм шийдэр гаргасанд би харамсаж байгаа.

Эх сурвалж: news1.mn

SHARE