Таканоива А.Баасандорж  туслах руугаа гар далайж дахин дуулиан дэгдээв

28 настай сумоч Таканоива А.Баасандоржтой холбоотой ээлжит шуугиан Японд дэгдлээ. Тэрбээр дэвжээнийхээ бага эрэмбэтэй  туслах сумоч руу гар далайсан гэнэ. Тиймээс тойргийн барилдаанд оролцуулахааргүй болсон байна. Өнгөрсөн Кюүшюү башёд Таканоива тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй бол түүнтэй хамт Таканохана дэвжээнд харьяалагдаж байсан Такакейшо түрүүлсэн билээ.

Таканоива А.Баасандорж энэ оны эхээр ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид зодуулж, тархиа хагалуулсан гэж мэдэгдэн, гомдол гаргасан. Үүний дүнд Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахад хүрсэн.

Харин зодог тайлсных нь дараа Таканоива Харумафүжигээс нөхөн төлбөр болгож 30 сая иен нэхэмжлэн шүүхэд хандсан юм. Гэлээ ч хэдэн хоногийн дараагаар тэрхүү нэхэмжлэлээ буцаан авч, “Монголд миний гэр бүлийнхнийг шахан хавчиж, маш хэцүү байдалд оруулж буй тул би нэхэмжлэлээ эргүүлэн татахад хүрлээ” гэж мэдэгдсэн.

Харумафүжитэй холбоотой хэрэг Таканоивагийн өөрийнх нь “Би Хакухог давсан. Одоо бидний цаг ирсэн” гэж хашгирснаас үүдэлтэй гэх яриа байдаг.

Тэгвэл зодуулсан гэгдэж шуугианы эзэн болсон сумоч одоо бусдыг зодсон хэрэгт буруутгагдаж эхэлжээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE