Ван Дейк: Тэгэхэд би гэрээслэлдээ ээжийгээ тэмдэглэчихсэн байлаа

Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч Виргил Ван Дейк зургаан жилийн өмнө бөөрний хавдрын улмаас үхэл амьдралын зааг дээр очжээ. Энэ талаар Голландын “Гронинген”-ий туслах дасгалжуулагч Дик Луккьен дурсан ярьсан байна.

“Виргилийн бие өвдөөд байлаа. Гэвч яг юу нь өвдөөд байгааг олж мэдэж чаддаггүй. Ханиад хүрчихэж л гэж эхэндээ бодсон. Гэртээ хэд хоног хэвтэж амарлаа. Гэвч өвчин нь улам нэмэгдсэн юм. Ингээд эмнэлэгт хэвтлээ. Гэлээ ч тэнд өвчний оношийг ололгүй гаргасан. Өвчин нь бүр хүчтэй болох үед бид ээжийг нь дуудсан юм. Ээж нь ирмэгцээ л хүүгээ хараад балмагдаж, тэр даруй өөр нэгэн эмнэлэг рүү авч очсон. Азаар тэр эмнэлэг Виргилийн амийг аварсан.

Эмчлүүлээд эргээд бэлтгэлдээ ирэхдээ нөгөө том биетэй хүдэр эр чинь туранхай хатангир болчихсон байв. Гэвч удалгүй бие нь дээрдэж, эргээд хэвэндээ орсон” гэж Лук Диккьен өгүүлжээ.

Харин Виргил Ван Дейк тухайн явдлын талаар ийн дурссан байна. “Хэвтэрт орчихсон байснаа одоо ч би байнга санаж явдаг. Биед холбосон хоолойноос өөр зүйл харж ч чаддаггүй байлаа. Тамир тэнхээ маань бүр барагдчихсан. Бараг хөдөлж ч чадахгүй. Тийм үед хамгийн муу бодол л орж ирдэг юм билээ.

Миний амь дээсэн дөрөөн дээр байсан юм. Ээж минь тэнгэр бурхандаа байнга залбирна. Би бүр гэрээслэлээ биччихсэн гээд бод. Хэрвээ нас барвал миний өмч хөрөнгийн хагас нь ээжид очно гээд тэмдэглэчихсэн байлаа. Мэдээж, хэн ч үхэл хагацлын тухай ярихыг хүсэхгүй ч тухайн үед тийм зүйл ярих дээрээ тулчихсан байсан” хэмээн Ван Дейк өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE