Дубайн гүнж долоон жил оргохоор бэлдсэн ч эцсийн мөчид бүтэлгүйтжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд-ерөнхийлөгч, Ерөнхий сайд Мохаммед ибн Рашид Аль Мактумын охин, 32 настай Латифа энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр эх орноосоо оргон зайлахыг оролдсон ч бүтэлгүйтэн нутаг буцаагдсан.

Арабын гүрнүүдийн талаархи мэдээлэл ихэвчлэн хаалттай байдаг тул Латифа гүнжтэй яг юу тохиолдсон талаар дэлхий нийт төдийлөн мэдэлгүй өнгөрсөн. Тэгвэл ВВС-гээс “Дубайгаас зугтсан нь” хэмээн баримтат кино бүтээн, олны хүртээл болголоо.

Латифагийн эгч гүнж Шамса Их Британд амарч явахдаа мөн зугтахыг хичээсэн ч баривчлагдан, өдий хүртэл хорионд, сэтгэц мэдрэлийн эмнэлгийн эмч нарын хяналтад байдаг гэнэ. Энэ талаар Латифа өөрөө ярьсан ажээ.

Латифа 16 настай байхдаа буюу 2002 онд “алтан тор”-ноос мөн зугтаахыг хичээсэн ч хил дээр баригдаж, гурван жилийн турш хорионд байжээ.

Эцгийнхээ их эрх мэдэл, өмч хөрөнгөөр туйлж дураар амьдарч болмоор хөндлөнгөөс санагдавч үнэн хэрэгтээ АНЭУ-д нөхцөл байдал хэцүү байдаг бололтой.

Латифа нэг удаа оргоод бүтэлгүйтгсэн ч дахиад маш сайн зохион байгуулж оргохоор шийдсэн байна. 2012 онд финлянд багш эмэгтэй Тийна Яухтияйнентай танилцсанаар цагтаа Францын тагнуулчаар ажиллаж байсан Эрве Жубертэй харилцаа тогтоожээ. Ингээд бүтэн долоон жилийн турш оргох арга, боломжийг хүлээн бэлдсэн аж.

Хэвлэлүүдээр гүнж Латифаг дурласан эртэйгээ оргон зайлахаар оролдсон гэж мэдээлсэн ч үнэн хэрэгтээ Эрве Жубер 400 мянган ам.долларын хөлсөөр оргох төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан хүн гэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр гүнж Латифа финлянд багш эмэгтэйн хамт Оманы хил орчимд хүрээд тэндээсээ завинд суун Энэтхэнийг Гоа хотыг зүглэжээ. Энэ бол Жубертэй тохиролцсон төлөвлөгөөний дагуу хийсэн оргох ажиллагаа байж. Жубер тэднийг Гоа хотын эрэг дээр хүлээж  байжээ.

Хэдэн хоногийн турш далайгаар аялсны эцэст Гоагийн эрэгт хүрэхээс ойролцоогоор 50 километрийн зайд АНЭУ-ын хайгуулын нисэх онгоц тэдний завийг олж илрүүлэн, нутаг буцаасан байна. Үүнээс хойшхи Латифагийн хувьд заяа тодорхойгүй байгаа юм. АНЭУ-ын талаас бол “Гүнж гэр бүл, ойр дотныхонтойгоо аз жаргалтай байгаа” гэж мэдэгдсэн.

Гэвч Латифа оргохынхоо өмнө нэгэн бичлэг хийж үлдээсэн байдаг. Тус бичлэгт “Миний эцэг бол нэр төрийнхөө төлөө бусдыг хөнөөхөд бэлэн хүн. Хэрвээ та бүхэн энэ бичлэгийг үзэж буй бол би зовлонд унасан гэсэн үг шүү” гэх үгс бий юм.

Гүнжийн хувь заяаны төлөө олон улсын хүний эрхийн байгууллагууд ихэд санаа зовж, ямар нэгэн алхам хийхийг хүсч буйгаа мэдэгдсээр байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE