ЖДҮ-д нэр холбогдсон Н.Цэрэнбат, Д.Сумъябазар хоёрын өргөдлийг Ерөнхий сайд нь хүлээж байна

 

У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын суудал асар өндөр үнэ хүрч байна. У.Хүрэлсүхийг үлдээсэн, бас явуулъя гэж кноп дарсан гишүүд, сайд нар ээлж дараалан “шийтгэл” хүлээх бололтой. Нэг талаас У.Хүрэлсүхийн амлалтыг биелүүлэх гэж, нөгөө талаас У.Хүрэлсүхийг огцруулахаар ажилласан гишүүд үүнд хамрагдана.

Явж явж намгүйгээрээ С.Жавхлан л элдвийн халдлагад өртөлгүй, мэнд үлдэх бололой.

Учир нь У.Хүрэлсүхийг үлдээхэд кнопоо зориулсан АН-ын гурван гишүүний улс төрийн карьер тун бүрхэг болоод ирлээ. АН Ж.Батзанданг хөөж, Л.Болд, Д.Мурат хоёрын ирэх сонгуульд нэр дэвших эрхийг хассан. Энэ нь “жоомоо алах гээд байшингаа шатаасан” үлгэр шиг дуусч магадгүй байна.

МАН-ынхан ч ээлж дараалан энэ Засгийн газрын бүрэн бүтэн байдлын төлөө золионд явах бололтой. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-д нэр холбогдсон 5-6 сайд байна.

Хамгийн түрүүнд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ороод удаагүй байсан Я.Содбаатар албан тушаалаасаа татгалзаж өргөдлөө өглөө. Тэрээр ЖДҮ-тэй нэр холбогдсоныхоо хариуцлагыг хүлээж байна гэж онцолсон. Түүний хувьд ингэж ёс зүйн хариуцлага хүлээсэн нь бусад сайд нарт ч хамаатай юм. Өөрөөр хэлбэл, Я.Содбаатар ёс суртахууны эр зориг гаргасан эхний сайд нь болж байгаа юм. Тиймээс цаашид ийм өргөдлийн цуваа үргэлжлэх нь гэсэн үг.

Ер нь бол “Би ЖДҮ-ийн зээл авсан нь үнэн” гэж байгаа нэг ч сайд, гишүүн байхгүй гэхэд болно. Дор бүрнээ тусгай тайлбартай. Өргөдлөө өгсөн Я.Содбаатар сайд ч тайлбар хэлж л байсан. Гэхдээ тэр ёс зүйн хариуцлага хүлээж, ёс суртахуун гаргаад чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа юм.

ЖДҮ-тэй холбогдсон, ёс зүйн хариуцлага хүлээх ёс суртахуун гаргах ёстой дараагийн сайд нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хоёр болж таарчээ. Н.Цэрэнбатын компаниуд, Д.Сумъяабазарын банк ЖДҮ-тэй холбогдсон талаар олон хэвлэл мэдээлсэн. Олон нийт, сонгогчид нь ч ийм ойлголтой болсон.

Энэ хоёр сайдыг Я.Содбаатарын жишгээр албан тушаалаасаа татгалзсан өргөдлөө өгөхийг намынхан нь шахаад эхэлсэн байна. Дээрээс нь Ерөнхий сайд ч Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар хоёрыг өргөдлөө өгвөл хүлээж аваад чөлөөлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Тийм болохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чуулганы индэр дээрээс удаа дараа мэдэгдсэн “Шударга ёсыг тогтоох ажил” нь хамгийн түрүүнд Засгийн газраа цэвэрлэхээс эхлэх учиртай. Ингэж улс төрийн хүрээнийхэн, олон нийт үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: “Өдрийн сонин”

SHARE