Өмгөөллийн тухай, Гэрээ соёрхон батлах тухай, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

  1. Өмгөөллийн тухай хуулийн төсөл

Хуулийн төсөлд өмгөөлөгчийн эрх зүйн байдал, хариуцлага, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндэс, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Төслийн Нэгдүгээр бүлэгт, хуулийн зорилтыг тодорхойлж, өмгөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томъёоны тодорхойлолтыг;

Хоёрдугаар бүлэгт, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалтуудыг;

Гуравдугаар бүлэгт, өмгөөлөгч, түүний туслах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, өмгөөлөгчийн тангараг, өмгөөлөгчид хориглох зүйлийг;

Дөрөвдүгээр бүлэгт, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн үйл ажиллагааны хэлбэр, өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр, өмгөөлөгчийн хүсэлт, гадаадын өмгөөлөгчийн үйл ажиллагаа, өмгөөллийн хөлс, гэрээ, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, нууцтай холбоотой зохицуулалтыг;

Тавдугаар бүлэгт, Монголын өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт, Холбооны Их хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Мэргэжлийн хариуцлагын хороо, Хяналтын зөвлөл, Мэргэшлийн хорооны эрх хэмжээ, тэдгээрийн зохион байгуулалттай холбоотой харилцааг;

Зургадугаар бүлэгт, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам болон хүлээлгэх хариуцлагын асуудлыг;

Долдугаар бүлэгт, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн холбоотой харилцах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааны тайланг гаргуулах  зохицуулалтыг тус тус тусгасан байна.

  1. Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан байна.  Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гэрээг байгуулжээ.

Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх юм.

Хоёр тал соёрхон баталсан Гэрээг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог ажээ.

  1. Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

            Монгол Улс одоогийн байдлаар 15 улстай гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна.  Бүгд Найрамдах Беларусь Улстай Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гарын үсэг зуржээ.

Тус гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломж бүрдэх юм.

  1. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд хамтран ажиллаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, тэр дундаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломж бий болдог байна.

Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Бүгд Найрамдах Беларусь Улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гэрээг байгуулжээ.

Тус гэрээгээр хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой болох юм.

  1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурал “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж, 2013 онд шинэчлэн найруулсан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт нэмэгдэхээр байна.

Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардлага тодорхой бус, дүгнэлт гаргах эрх бүхий мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг хийдэлтэй байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна.

Үүнээс гадна иргэдийн өргөнөөр хэрэглэх болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсэн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсчээ.

Иймд дээрх бэрхшээлийг арилгах болон тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагад тулгуурлан уг хуулийн төслийг боловсруулжээ.

SHARE