Лука Модрич “Алтан бөмбөг” гардлаа

Францын алдарт France Football сэтгүүлийн “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол боллоо. Сүүлийн 10 жилийн хугацаанд тус шагналыг Криштиано Роналдо юмуу эсвэл Лионель Месси хүртсээр ирсэн билээ. Тэгвэл энэ жил тус шагналыг Хорватын шигшээ багийн ахлагч, Испанийн “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Лука Модрич хүртлээ.

Тэрбээр өнгөрсөн улиралд “Реал Мадрид”-ын хамт Европын клубүүдийн дундахь хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигт түрүүлсний зэрэгцээ 2018 оны ДАШТ-д аман хүзүүдсэн юм.

Лука Модрич ийнхүү энэ жил хувь тоглогчийн хүртэж болох бүх шагналыг хамлаа.

“Алтан бөмбөг”-ийн жагсаалтын аман хүзүүнд Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо бичигджээ. Тэрбээр 753 оноо авсан Лука Модричоос 277 оноогоор хоцорч 476 оноо авчээ.

Харин гуравдугаар байрт Францын шигшээ болон Испанийн “Атлетико Мадрид”-ын довтлогч Антуан Гризманн бичигдсэн байна.

Дөрөвт Францын шигшээ болон “Парис Сен-Жермейн”-ий 19 довтлогч Килиан Мбаппе бичигдлээ. Тэрбээр мөн Раймон Копагийн нэрэмжит Оны шилдэг залуу хөлбөмбөгчийн шагналыг хүртсэн юм.

Айргийн тавд Аргентины шигшээ болон Испанийн “Барселона”-гийн довтлогч Лионель Месси бичигджээ. Месси сүүлийн 11 жилийн турш “Алтан бөмбөг”-ийн жагсаалтад эхний гуравт бичигдсээр ирсэн бол энэ удаад тавдугаарт орлоо.

France Football энэ жилээс эхлэн Раймон Копагийн нэрэмжит шилдэг залуу хөлбөмбөгчийн шагналыг бий болгосноос гадна Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид мөн “Алтан бөмбөг” гардуулахаар шийдсэн юм. Ийнхүү тус шагналын анхныхыг Норвегийн шигшээ болон Францын “Лион”-ы 23 настай довтлогч Ада Хегерберг хүртлээ.

Та бүхэнд “Алтан бөмбөг”-т нэр дэвшигчдийн байр эзэлсэн байдлыг танилцуулья. Зарим хөлбөмбөгчид ижил оноо авсан тул нэг байрт давхар бичигдсэн болно.

  1. Лука Модрич («Реал Мадрид», Хорват)
  2. Криштиано Роналдо («Ювентус», Португал)
  3. Антуан Гризманн («Атлетико», Франц)
  4. Килиан Мбаппе («ПСЖ», Франц)
  5. Лионель Месси («Барселона», Аргентин)
  6. Мохамед Салах («Ливерпуль», Египет)
  7. Рафаэль Варан («Реал Мадрид», Франц)
  8. Эден Азар («Челси», Бельги)
  9. Кевин де Брюйне («Манчестер Сити», Бельги)
  10. Харри Кейн («Тоттенхэм», Англи)
  11. Н’Голо Канте («Челси», Франц)
  12. Неймар («ПСЖ», Бразил)
  13. Луис Суарес («Барселона», Уругвай)
  14. Тибо Куртуа («Реал Мадрид», Бельги)
  15. Поль Погба («Манчестер Юнайтед», Франц)
  16. Серхио Агуэро («Манчестер Сити», Аргентин)
  17. Гарет Бэйл («Реал Мадрид», Уэльс)
  18. Карим Бензема («Реал Мадрид», Франц)
  19. Роберто Фирмино («Ливерпуль», Бразил)
  20. Серхио Рамос («Реал Мадрид», Испани)
  21. Иван Ракитич («Барселона», Хорват)
  22. Садио Манэ («Ливерпуль», Сенегал)
  23. Эдинсон Кавани («ПСЖ», Уругвай)
  24. Марсело («Реал Мадрид», Бразил)
  25. Ян Облак («Атлетико», Словен)
  26. Марио Манжукич («Ювентус», Хорват)
  27. Алиссон («Ливерпуль», Бразил)
  28. Диего Годин («Атлетико», Уругвай)
  29. Уго Льорис («Тоттенхэм», Франц)
  30. Иско («Реал Мадрид», Испани)

news1.mn Р.Гэгээ

SHARE