Шинжээравдан: Өв уламжлал, газар нутаг, байгаль орчныг юу болгосныг харж байгаа хүмүүс одоо сэрж байна

Уул уурхайн компаниуд руу дайрч, үйл ажиллагааг нь хүчээр зогсоодог, монгол охидыг доромжилсон хятадуудад гар хүрч орхидог зэрэг үндэсрхэг үзэлтэй залуусын үйлдэл нэг талаар хууль бус гэмээр. Хууль ёс алдагдаж, авлига албан тушаалын наймаа цэцгэлсэн энэ нийгэмд ингэж л шударга ёсыг тогтоохоос аргагүй гэж зөвтгөж болох. Газар нутгаа тэдгээр залуус сайн хамгаалж байна гэж баярлан дэмжих нэгэн байхад хэн нэгэн том хүний заавраар ажилладаг, мөнгө авдаг, уул уурхайн компаниудыг шантаажилдаг гэх хардлагууд ч нийтэд бий. Анх “Хөх Монгол” бүлгэмийг байгуулж байсан залуус өнөөдөр “Босоо хөх Монгол” хэмээх бүлгэмийн дор шударга ёсыг өөрсдийн арга барилаар хамгаалахыг зорьж байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа уул уурхайн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэгчдийн дунд “Босоо хөх Монгол” гэх нэр байнга дурдагдсаар ирэв. Одоо тэд “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нартай хамтран УИХ-ыг тараахыг шаардаж, “Их цааз хэмээх” Үндсэн хуулийн төслийг санаачлан орон даяар гарын үсэг цуглуулж явна.

Тэдний туйлын зорилго юу болох, үндэсрхэг үзэлтэн гэж хэн бэ, Монгол орон тэдний хувьд юу болох, олон арван удаагийн эсэргүүцэл, тэмцэл, өлсгөлөнг мөнгөөр хийсэн үү, ард нь хэн нэгэн байна уу гэсэн сонирхол хийгээд хардлагыг тайлахыг оролдож “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн асан Шинжээравдантай дэлгэрэнгүй ярилцлаа. Бидний ярилцлага түүний хамгийн сүүлд өрнүүлж байгаа УИХ-ыг тараах, Их цааз хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, гарын үсэг цуглуулах үйл ажиллагааны сонин хачинаар эхэлсэн юм. Уншигч авхай та таалан болгооно уу.

ТОМ ЛИЦЕНЗҮҮДИЙН АРД ГИШҮҮД, САЙД НАР, ЯАМ АГЕНТЛАГИЙН ДАРГА, ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН БАЙГАА

-Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд Үндсэн хууль санаачлаад иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Бас УИХ-ыг тараахыг шаардаж байна. Та бүхний энэ тэмцэл хэр үр дүнтэй гэж үзэж байна вэ?

-Гал үндэстэн холбоо, Малчдын холбоо, Онги гол хөдөлгөөн, Босоо хөх Монгол зэрэг монголчуудын эв нэгдлийн төлөө нэлээд хэдэн төрийн бус байгууллага нэгдээд “Их цааз” гэж намгүйгээр төр барих тухай Үндсэн хуулийн төслийг бичицгээсэн. Нэлээд олон хуульч, академич, түүхч хүмүүстэй уулзаж зөвлөгөө авсан. Түүн дээрээ тарж бутарсан олон намд хуваагдсан эв түнжиггүй болсон ард түмнийг нэгтгэж нэг зүгт харуулах зорилготой “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнийг өрнүүллээ. Монголчууд бид Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, өнөөгийн гаж тогтолцооноос болж өөрсдийн газар нутаг, баялаг ордуудыг гадны хүмүүст алдлаа. Стратегийн том ордууд бүгд гадаадынхны гарт орлоо. Ирээдүй хойчдоо үлдээх үүц гэж юмгүй болжээ. 1992 оны Үндсэн хуулиар бид 28 жил явлаа. 20 гаруй намд хуваагдаж, ялангуяа сүүлийн үед хоёр, гурван намын эрх мэдэлд төр засгаа алдсан. Нам болж талцаад сонгуулиа өгч чадахаа байсан. Сонгуулийг хар машинаар залилдаг болсон, царцааны нүүдэл хийж, үйлдвэрийн ажилтнуудыг хүртэл нэг газар аваачиж санал өгдөг болгосон. Саналыг худалдаж авдаг байдал моод боллоо ш дээ. Хорь гучин мянган төгрөг, хоёр гурван уут гурил тарааж саналыг нь худалдаж авдаг. Түлээ нүүрс, чихэр боов тараадаг маягаар санал худалдсаар өнөөгийн тогтолцоо ийм болгожээ. Үүний уршгаар Монгол Улс газар нутгийнхаа хэдэн хувийг лицензэд алдчихав. Монгол орныг гадны лиценз бүрхчихлээ. Баруун аймгууд сул байсан бол одоо Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг бүгд газрын тосны лицензээр бүрхэгдлээ. Хөвсгөл аймагт одоо төмөр зам хүртэл тавихаар яригдаж байна.

Сонгуулиар ард түмний итгэлийг авах гэж улайрсан нөхдүүд төрд гарсны дараа нулимдаг болсон. Түрүүчийн Засгийн газар Концессийн гэрээ гэж 70, 80 тэрбумаар нь хувааж авсан. Түүнээс үүдэж Засгийн газар нь огцорсон. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг УИХ-ын гишүүд өөрсдөө хуваагаад цохьчихсон. Тэр зээлийг авахын тулд энгийн бизнесмэн, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа хүмүүс ах дүү хамаатан саднаараа нэгдээд яаж зовж байгааг бид харж байна. Тэдэнд очих ёстой хөрөнгө зөвхөн хэдэн гишүүдийн гараар дамжаад алга болж байна.

-Үндсэн хуулийн аргаар тогтолцоог өөрчлөхийг хүсч байгаа хэрэг үү?

-Угаасаа 2016 оны УИХ хууль бусаар төрийн эрхийг авсан. 60 тэрбумыг босгож, хар машин, царцааны нүүдэл хийж мөнгө тарааж Засгийн эрхийг хууль бусаар авсан. Тэгсэн хэрнээ дахиад өнөөдөр ард түмэн рүү нулимаж бүх зээл тусламжийг авч байна. Уул уурхайн том лицензүүдийн ард дандаа гишүүд сайд нар байна. Яам агентлагийн дарга нар, хууль хүчнийхэн байна. Ингэхээр жирийн ард иргэд хэнд ч итгэхээ болиод байна.

Тэгэхээр бид ерөөсөө тогтолцоог өөрчлөх нь зөв юм байна. Аравт зуутаар ард түмэн нийлж тэмцвэл ямар хүчирхэг байсныг монголчуудын түүхэн дэх Хүннү гүрэн, Их Монгол улс гэсэн хоёр том гүрэн байгуулснаас харж болно. Дандаа аравт зуут, мянгат түмтээр зохион байгуулаад дэлхийг номхотгож нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхий дахинаа Торгоны замаар түгээж байсан. Монголчуудын энэ өв соёл, ёс уламжлал, өндөр зохион байгуулалт өнөөдөр хоёрхон газар байна. Нэг нь цэрэгт. Тасаг, отряд, салаа гээд явж байна. Энэ чинь аравт түмт зуутын зохион байгуулалт. Нөгөө нь бизнесийн салбарт байна. Сүлжээний бизнест энэ зохицуулалтыг маш амжилттай хийж амжилтанд хүрч байна. Түүнийг нь гадаадынхан олж харж монголчуудыг ашиглаж байна. Казахстаны хоёр гурван ч хүн ирж сүлжээний бизнес хийж ашиг оллоо ш дээ. Тэгэхээр өөрсдийнх нь өв уламжлалыг ашиглаад төр барих системд оруулж яагаад болохгүй гэж.

Их цааз хуулийн төслийг хэзээ санаачилсан юм бэ?

-2018 оны хавраас эхэлсэн. Тавдугаар сард “Их цааз-Их эргэлт” гэж том чуулган зохион байгуулсан. Үүнд Монголын ард түмэн нам эвсэл олигархижсан төрөөс салцгаая, хулгайч луйварчдыг байх ёстой газар нь байлгая, бидний газар нутгаас гадаадынханд зарж, оффшор гэж гадны банк санхүүгийн байгууллагад хийгээд Монгол Улсыг зөөвөрөлж байна. Хулгайч луйварчдын үр удам нь өнөөдөр бидний үр хүүхдүүдийг ахин үе үзалгаж хаанчилж ноёлох системд хүрчихлээ. Эхнээсээ Иргэдийн хуралд, банк санхүүгийн байгууллагын зөвлөхөөр гараад эхэлчихлээ. Намгүйгээр ард түмэн яаж амжилтанд хүрдгийг харуулахын тулд бид өнөөдрийг хүртэл явж байна. Нарантуул, Хархорин зах, хотын хөдөлгөөн ихтэй газруудаар гарын үсэг цуглуулаад явцгааж байна. Их цаазад нэгдэхээр хүмүүс хөдөө орон нутгаас хүртэл ирж байна.

ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ МАШ ТОМ ДЭНСЭН ЮМ

-Одоогийн байдлаар хэчнээн хүн дэмжээд байна?

-Богино хугацаанд 30 000 орчим хүн гарын үсгээ зурж нэгдээд байна. Саяхан би өөрийн биеэр Нарантуул, Хархорин зах дээр 10 орчим хоног зогсч үзлээ. Гарын үсэг зурж байгаа наймаачид бол “Үнэхээр энэ Их хурлыг тараах нь зөв. Өөр ямар ч гарц байхгүй. Нэг хоёр хулгайч луйварчдыг сугалаад Их хурлаас нь түдгэлзүүлээд хэрэг байхгүй. Их хурлыг үндсээр нь тарааж байж тогтолцоогоо өөрчлөх, ард түмний онц түр хурал байгуулаад Их хуралдай явуулж ямар тогтолцоотой байхыг шийдэх ёстой” гэж байна. Ардын их хуралтай байх уу, хоёр танхимтай байх уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай, Ардын их хуралтай  байх ёстой юу гээд. Үүнийг бид өөрсдөө шийдэх ёстой. Монгол Улсын Үндсэн хууль бол нийт Монголын газар нутаг дээр ажиллаж амьдарч байгаа нийт ард түмний нийтийн эрх ашигт тулгуурласан өвөг дээдсээсээ юу өвлөж авсан юм, өнөөдөр ямар аж ахуй, бизнесээр цааш нь тулгуурлаж авч яваад үр хүүхдүүддээ өвлүүлэн өгөх ёстой юм, хууль бус зүйлүүд ямар зарчмаар цавчигдах ёстой юм гэдгийг маш том дэнсэн юм.

Монголын 600 гаруй хуулийн дээвэр хууль нь Үндсэн хууль байх ёстой. Аливаа нэг үндэстөн өөрсдийн бахархал болсон заавал нэг зүйл дээр нэгддэг. Христийнхэн гэхэд баян ядуугүй библи дээр нэгддэг. Лалын ертөнц бол тэр чигтээ коран судар дээр нэгдэж байна. Арабын том шейх нь ч байна уу, алан хядах бүлгийн толгойлогч нь ч байна уу хамаагүй, бүгд коарн судар дээр нэгдэж чаддаг. Монголд өнөөдөр Чингис хааныхаа билэг сургаалийг мэдэх хүн алга. Харин түүний оронд Күнзийн сургаалийг заалгаад явж байна. Уг нь монголчууд  Үндсэн хуулийг сүсэглэж бишрэх бурхны тахил дээрээ тавих ёстой юм. Бид өнөөдрийг хүртэл Үндсэн хуулиа мэддэггүй учир ийм төртэй болчихжээ. Дээр байгаа хүмүүс Үндсэн хуулийнхаа цэг таслалыг ч ашиглаж чаддаггүй учраас өөрсдөдөө ашигтайгаар бүх зүйлийг эргүүлж чаджээ. Ийм учраас бид Үндсэн хуулиа, тогтолцоогоо өөрчлөх ёстой юм.

НАМГҮЙГЭЭР АРД ТҮМЭН ТӨХӨӨ АВААД ЗӨВ ЗАМААР ЯВАХ ЁСТОЙ

-Намгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөнө гэж ярьж байна. Өнөө үед бүх дэлхий даяаршиж, бүхий л улс оронд намын тогтолцоо бий болсон. Аль нэг ялж гарсан нам нь төр засгаа барьж байна. Гэтэл намгүйгээр төр барих тогтолцоог бий болгох боломжтой юу?

-Улс төрийн намуудгүйгээр төр засгийг байгуулж болохгүй гэж олон улсын жишиг яриад байгаа юм. Нам гэдэг чинь Монголд 90-ээдхэн жилийн түүхтэй. Түүнээс өмнө бид намгүй байхдаа ямар хүчирхэг гүрэн байсан юм бэ. Дэлхийн дайтай эзэгнэж, төрт ёсыг гайхуулж харуулж чадаж байсан. Манжийн дарлалд 200 гаруй жил тарчиллаа. Дараа нь Оросын заавраар 70 гаруй жил, ардчилал гараад монгол язгуур үндэсний бүхэн хог шаар, гадны бүхэн сайн сайхан, ирээдүйн хөгжил дэвшил гэж гоё гойд гэж явсаар байгаад өөрсдийн хэл соёл юу болчихов, түүх нь юу болчихов өв уламжлал газар нутаг байгаль орчин гол мөрөн юу болгоод хаячихсаныг харж байгаа хүмүүс одоо сэрж байна. Нам байлаа гэхэд яагаад жирийн ард түмэн, инженер эрдэмтэн мэргэд, малчид дуу хоолойгоо өргөж болохгүй болчихов. Гэтэл намын хайрцаганд орсон нөхөд төрд гарч байна. Эрх мэдэлд хүрдэг системтэй болчихлоо. Нам гэдэг Монгодл олигархижсан мафийн системд орчихсон. Өнөөдөр олонх болсон намын эрх ашиг төрийн бодлого болоод явж байна. Монгол үндэстний язгуур эрх ашиг монгол төрийн бодлого байх ёстой. Тийм ч байж ирсэн. Сөрөг хүчинтэйгээр тэрсэлдэж Монголын ард түмнийг хэд хувааж төр гэдэг намуудын өрсөлдөөний ринг болчихлоо. Хоёр том гүрний дунд байгаа энэ үндэстэн ийм дорой байж болохгүй. Энэ олон намууд өнөөдөр ард түмнийг нэгтгэж чадахгүй юм бол намгүйгээр ард түмэн төрөө аваад цаашаа зөв замаар явах ёстой гээд байгаа юм.

-Тэгвэл Их цааз Үндсэн хуулийн төсөлд төрийн барих тогтолцоог хэрхэн бичив?

-Өнөөдрийн тогтолцоогоор сонгууль нэг аймагт боллоо гэхэд тэндхийн оршин суугч төрд гарах боломж байдаггүй. Улаанбаатарт Зайсанд юм уу, Нүхтийн хаусанд амьдардаг оффшорчны хүүхэд эсвэл мөнгө хураачихсан бохир цустай нөхөр сул тойрог хайж байгаад аймаг сум дээр очоод нэр дэвшээд гараад ирдэг. Тэр хүн яаж гараад байгаа, тэр нутгийн ард түмэн юу бодож сонгоод байгаа юм. Тэр хүн өнөөдөр тэр аймгийн газар зүй, ямар зан заншил ахуйтайг мэдэхгүй, бараг хэдэн сумтайг ч мэдэхгүй нэгэн байдаг. Их цааз Үндсэн хуулийн төсөлд аймгийн уугуул иргэн, ядаж сүүлийн 5 жил тэндээ амьдарсан сум орон нутгийн иргэн доороосоо баг дээрээ аравт аравтаараа шигшигдээд тэндээсээ шалгарсан нь суман дээр өрсөлдье. Суман дээр өрсөлдөөд гараад ирсэн нь аймаг дээр үзье. Аймагтаа үнэхээр шалгараад гараад ирсэн нь Их хуралдайд орж ирье. Тэгж байж аймаг сумаа төлөөлье. Их хуралдайд гарсан нөхдүүд 3 зарчмаар эргүүлэн татагдана. Өнөөдрийнх нэг орсон бол уучлаарай, улаан номонд орсон амьтан шиг өөрсдийгөө дархлаад суучих биш. Үнэхээр Мурат Гантулга шиг ёс зүйн алдаа гаргасан бол Ёсзүйн хороо, Цэцээс эргүүлэн татдаг байя. Эрүүгийн ямар нэгэн хулгай, луйвар, хүн амины хэрэг ч юм уу авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож, хэрэг нь хуулийн байгууллагаар нотлогдвол эргүүлэн татагдана. Амалсан амлалтадаа хүрэхгүй, сонгогчид руугаа нулимсан олон тохиолдол байна. Гарсан тойргийнхоо эсрэг харин ч уул уурхайнхандаа нийлээд явж байгаа нөхөд зөндөө байна. Тийм тохиолдолд сонгогчид нь эргүүлэнг татдаг байя гэсэн заалт орж байгаа.

Түүнээс гадна Ерөнхийлөгчид нэр дэвших хүн нам бус байна гэдэг, өнөөдөр. Тэгсэн хэрнээ УИХ-д суудалтай намаас нэр дэвшинэ гэж байгаа. Хоёрдмол утгатай тогтолцоо байгаад байгаа юм. Тэгэхээр Их цаазад Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн бие дааж нэр дэвшиж болно. Ингэхдээ Ерөнхий сайдаа давхар зарлаж явна. Би хэрэв өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшээд сонгогдвол энэ хүнийг Ерөнхий сайдаар тавина. Бид нийлж байж Засгийн газраа бүрдүүлнэ гэж танилцуулах жишээтэй. Гэхдээ энэ бол Их цаазын ноорог. Сайжруулж засч янзалсаар өнөөдөр гэхэд дөрөв дэх удаагаа Их цааз хууль шинэчлэгдэж байна.

-Энэ цаг үед зөвхөн та бүхэн ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихгүй байна. МАН, МАХН, Иргэний Зориг ногоон намынхан тус тусынхаа үзэл баримтлалаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстойг, төслийг танилцуулж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-МАХН-ын Дээд Үндсэн хууль гэж байна. Иргэний Зориг намын Эх цааз гэж хуулийн төсөл санаачлаад байгаа. Харин МАН-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд уучлаарай гэж хэлье. Эд нар өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйтэй хүмүүс биш гэж үзэж байна. Монгол Улсыг ямар хэмжээнд нь аваачив, намынх нь гишүүд яаж өнөөдөр Монгол орныг зарж идэж дуусгаж байна, яаж зээл тусламж хамаг юмыг цохиж дуусгаж байна, авлига хээл хахуулийн хэрэгт хэчнээн нь холбогдов. Ийм нөхдүүд Үндсэн хууль өөрчлөөд  явна гэж байхгүй. 1992 онд Үндсэн хуулиар тоглосон юм байна. Өнөөдөр бол оролдох эрхгүй гэж үзэж байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn  Б.Энхзаяа

SHARE