“Цагдаад баригдахгүйн тулд…”. Цаг өөр болсон

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгөний хомсдолд орж эхэлсэн 1990 онд тухайн үеийн төр засаг энэ хүндрэлийг даван туулах арга ухаан сийлсний нэг нь газрын хэвлийн доорх алт хэмээх шар металийг эргэлтэд оруулах шийдвэр байв. Үүний дагуу 1991 онд Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар “Алт” хөтөлбөрийг баталж, нэг жилийн дараагаас олборлолт хийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар  энэ  салбарынхан нийтдээ 200 тонн гаруй алт олборлож, 2.8 тэрбум ам. долларын борлуулалт хийж улсын төсөвт үүргээ гүйцэтгэсэн гэж салбарынхан үнэлдэг. 30 орчим жилийн дараа энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч асан П.Очирбат “Алт хөтөлбөрийг эхлүүлж байх үед техник технологийн хүчин чадал муугаас болж хаягдал их гарсан. Хоёрдугаарт нөхөн сэргээлт хийдэггүй, дутуу хийдгээс болж байгаль орчны унаган төрх алдагдсан. Мөн 2001 оноос “нинжа” гэсэн бүлэг гарч ирсэн. Ийм гурван янзын гарз гарсан гэж боддог. 20 жилийн өмнөхийг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулж үзвэл учир дутагдалтай. Тухайн үед жингийн туухай дээр тавиад үзвэл арай өөр дүр зураг харагдах байх” хэмээн өөрийн бичсэн “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи /алт, мөнгө, алмаз/” номын  нээлтийнхээ үеэр 2013 онд ярьж байв.

Үнэхээр л Монгол Улс нэг асуудлыг шийдэхийн тулд өөр нэг асуудлыг бий болгосон нь маргашгүй үнэн. Алт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн үеэс нинжа буюу гар аргаар алт олборлож амьдралаа залгуулдаг нийгмийн нэг бүлэг бий болсон юм. Аймаг, сум бүрт амьдралаа залгуулах гэсэн хүмүүс гар аргаар алт олборлох болж, тэдний тоо олон арван мянгад хүрчээ. Гар аргаар алт олборлох үйл явц нь аюултай, эрсдэлтэй орчинд хийгддэг учир эрүүл мэнд, амь насаараа хохирох, хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, сургууль завсардахаас эхлээд байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал хурцаар тавигддаг байв.

Төр засгаас эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг хүчээр зогсоох, болиулах гэсэн үйлдлүүд удаа дараа зохион байгуулагдаж, эцэст нь олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гашуун туршлага бий.

НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт бичил уурхайчдад хүний эрхэд суурилсан жендерийн чдавахийг бэхжүүлэ,х бичил уурхайчид эрхээ мэдэж шаардах чадавхийг нэмэгдүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхийг удаа дараа зөвлөсөн байдаг.

Тиймээс хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийж гар аргаар алт олборлогчдыг нөхөрлөлийн зохион оруулж, ашигласан газраа нөхөн сэргээх, хүний эрх зөрчигдөх, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх, түүгээр зогсохгүй хорт бодисын хууль хэрэглээг хориглох аргачлалыг төр засгаас эхлээд холбогдох төрийн байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хийж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.

         Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг ингэж сайжруулав

Үүний нэг нь 2015 оноос эхлүүлсэн Хүний эрхийн үндэсний комисс Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бичил уурхай бүхий орон нутгийн төрийн үйлчилгээ засаглалыг хүний эрхэд ээлтэй болгох зорилгоор Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг сайжруулах тухай төсөл юм.

Гар аргаар алт олборлогчдын эрхийг хамгаалах, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага бол Швейцарийн хөгжлийн агентлаг гэдгийг онцлох нь зүйтэй.

Өнөөгөөс гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн гар аргаар алт олборлогчдын эрх, эрх чөлөөг хангах Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд олон төрлийн ажлыг зохион байгуулж иржээ. Тухайлбал, бичил уурхайн үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг Монгол Улсад анх удаа хийсэн юм. Манай улсад байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийх хууль эрх зүйн зохицуулалттай. Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, гар аргаар алт олборлогчдын  нэмэгдэхийн хэрээр хүний эрхийн асуудал тулгарч эхэлсэн юм. Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг 2015-2016 онд 7 аймгийн 22 сумын бичил уурхайчдын дунд явуулсан байна. Энэ хүрээнд хийсэн нөлөөллийн үнэлгээг өнгөрсөн оны 12 дугаар сард “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганы үеэр салбарын яам, төрийн байгууллагын удирдлагуудад танилцуулж байлаа. Түүнээс гадна НҮБ-аас Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Жон Нокс Монгол Улсад айлчлах үеэр НҮБ-аас бичил уурхайчдын эрхийг хамгаалахтай холбогдуулан өгсөн зөвлөмжийг хэрэгжилтийг танилцуулсан билээ. ХЭҮК 2015-2018 онд дээрх зорилтот бүлэгт чиглэсэн 94 удаагийн сургалтыг зохион байгуулж 5037 оролцогч хамрагдсанаас 2524 нь төрийн албан хаагч, 2031 нь бичил уурхайчид байжээ.

Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр ХЭҮК-ын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн сэтгүүлчдийг хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх бодлого барьж, сар тутам уулзалт зохион байгуулах, хүний эрхийн анхаарал татсан асуудлаар аян зохиож, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгох чиглэлд түлхүү анхааран ажилласнаар 2012-2018 онд 1100 орчим нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгожээ. 2016-2018 онд гэхэд Хүний эрхэд суурилсан хандлага, Хүний эрхийн боловсрол, Хүүхдийн эрхийн цуврал хичээл, Гомдол хянан шалгах ажиллагаа, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хүний эрх сэдвээр 5 удаагийн цахим сургалтыг зохион байгуулж, 84 төрийн албан хаагч, иргэд хамрагдан оролцсон байна.

Энэ мэтчилэн 2015 оноос хойш төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн олон арван ажлын хүрээнд бичил уурхайчид эрхээ хамгаалах мэдлэгтэй болж, ХЭҮК-оос  тэдний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох чиглэлд анхааран ажилласаар байна. Нэгэн цагт цагдаа хуулийнханд хөөгдөж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч явсан бичил уурхайчин Н.Баярмаа өнөөдөр эрхээ хамгаалах мэдлэгтэй болсноо бахархан ярьж байна.

Бичил уурхайчин Н.Баярмаа: Цагдаад баригдахгүйн тулд зугтаж байхдаа осолдож гэмтэхээс эхлээд маш их эрсдэл дунд ажиллаж байсан

-1990-ээд оны дунд үеэс хууль бусаар ашигт малтмал олборлож эхэлж байхад маш их хүндрэл бэрхшээл тулгарч, хүний эрхийн зөрчил ч их гардаг байсан. Тухайн үед ажил хийе гэхэд ажлын байр байхгүй, аргагүй амьдралаа залгуулахын тулд олон хүн Заамарт алт ухаж байлаа. Хууль бусаар үйл ажиллагаа явууллаа гээд цагдаа нарт баригдана, олсон жаахан ашигт малтмал, тоног төхөөрөмжөө хураалгана. Цагдаад баригдахгүйн тулд зугтаж байхдаа осолдож гэмтэх, эд хөрөнгө, техник хэрэгслээ эвдэхээс эхлээд маш их эрсдэл дунд ажиллаж байсан маань саяхан санагдаж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Засгийн газрын 308 дугаар тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлагдсанаар бид айх аюулгүй, амар тайван үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн ч хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай үл ойлголцох асуудал зөндөө гардаг байлаа. Орон нутагтаа уул уурхайн компани, Засаг даргатайгаа гурвалсан гэрээ байгуулаад ажил маань жигдэрч үйл ажиллагаа маань ид сайхан явж байтал төрийн албан тушаалтны зүгээс эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласнаас болж нэг л өдөр олон хүн ажлын байргүй, орлогогүй болж байсан.

Тэр үед л Комиссоос хийсэн хүний эрхийн сургалт дээр ярьж хэлж зааж байсан зүйлс үнэхээр хэрэг болж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа хүртэл хүний эрхийн номон дээр ингэж бичсэн байхад та нар яагаад бидний эрхийг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа юм гээд л тэмцэнэ дээ. Амьдрал баялаг учраас ямар нэгэн байдлаар зөрчил маргаан гарна, тэр үед Хүний эрх гэсэн шар номоо ёстой ар өвөргүй эргүүлж өгнө. Яаж эрхээ хамгаалах вэ, хэнтэй юуг хэрхэн ярих, тавьсан асуултад нь юу гэж хариулах, төрийн байгууллагын ажилтнуудаас эрхээ хэрхэн шаардах вэ гээд л олон ч зүйлийг хүний эрхийн сургалт, “Хүний эрх”-ийн гарын авлагаас л мэдэж авсан. Энэ номоо байнга цүнхэндээ авч явна, би энэ номоо 3-4 удаа бүрэн уншсан, сүүлдээ аль хуудсанд юуны тухай бичсэнийг ч андахгүй, номныхоо хуудсыг нь салж унатал эргүүлж, зарим ойлгоогүй зүйлийнхээ талаар Комиссын ажилтнуудтай ажил дээр нь очиж уулзаж зөвлөгөө авч байсан.

Би бичил уурхайд өөрийнхөө бүх амьдралаа зориулсан, манай нөхөрлөл уул уурхайн томоохон компанитай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байлаа, маш олон сургалтад хамрагдлаа, их ч олон зүйлийг сурлаа. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүрэм журам гараагүй, хууль бусаар олборлолт хийж байсан үеэс өнөөдрийг хүртэл би Хүний эрхийн Үндэсний Комисстой холбоотой, харилцаатай ажиллаж ирсэн, цаашдаа ч ажилласаар л байх болно гэж боддог. Тогтвортой бичил уурхай төслөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр шимээр одоо би хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, Сургагч багшаар ажиллаж байгаагаараа бахарсан ажиллаж амьдарч байна даа.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE