Хүчин, хүн амины хэргээр 22 жил шоронд хоригдсон эрийг суллаж, цагаатгажээ

1996 оны есдүгээр сарын 29-нд БНХАУ-ын Гирин мужийн Юнзи тосгоны нутаг дэвсгэр дэх төмөр замын орчмоос нэгэн эмэгтэйн цогцос олджээ. Бүсгүйг хүчиндэж, дараа нь хэрцгийгээр хөнөөснийг тогтоосон байна. Хэргийг сар гаруй мөрдөн шалгасны эцэст тухайн үед 27 настай байсан Цинь Жэ Хуныг сэжиглэн баривчилж, улмаар хэргээ хүлээжээ. Гэвч үүнээс хойш 22 жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө Цинь Жэ Хуныг шоронгоос суллаж, цагаатгасан байна.

1996 оны арваннэгдүгээр сард болсон шүүх хурлаар Цинв Жэ Хуныг хэргээ хүлээсэнд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон аж. Гэвч түүний өмгөөлөгч хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж өдийг хүртэл заргалдаж, өргөдөл гомдол гаргасаар иржээ. Мөн гэр бүлийнхэн нь ч олон жилийн турш гомдол өргөдөл гаргаж, хэргийг дахин хянан шалгаж үзэхийг хүссэн байна.

Ингээд 2000 онд хэргийг дахин шалгаж үзээд ялыг хэвээр үлдээсэн гэнэ. БНХАУ-ын Дээд шүүх хэргийг дахин хянаж үзэхээр болжээ. The Paper сонинд нийтлэгдсэн хэргийн тухай өгүүлэл үүнд хүчтэй нөлөөлсөн гэж үздэг аж.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд шүүх хэргийг дахин хянаж үзээд, Цинь Жэ Хунийг суллажээ. Нотлох баримтгүй, гэрчийн мэдүүлэггүй, зөвхөн хэргээ хүлээсэн гэх үндэслэлээр ял оноосон нь хүчээр хүлээлгэсэн байх магадлалтай гэж үзсэн байна. Мөн хавтаст хэрэгт олон эргэлзээтэй дүгнэлтүүд байдаг аж. Хохирогч эмэгтэйн цээжин дээр алуурчин тамхины цог дарсан шарх байдаг атал Цинь Жэ Хун тамхи огт татдаггүй нэгэн гэдгийг цагдаа нар тооцоолоогүй, ойшоогоогүй гэж өмгөөлөгч нь мэдэгдээд байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE