Клопп, Пикфорд хоёр уучлалт гуйж, Канте дахин зааварчилгаа хүртсэн гурван дербигийн сонин

Английн Премьер лигийн 14 дүгээр тойргийн төгсгөлд гурван дерби мөр залган боллоо. Энэ бол Лондоны дерби буюу “Челси”-“Фулхэм”, Хойд Лондоны дерби буюу “Арсенал”-“Тоттенхэм” мөн Мерсисайдын дерби буюу “Ливерпуль”-“Эвертон”-ы тоглолтууд юм.

“Фулхэм” Премьер лигт дэвшин гарч ирээд Славиша Йокановичийг халахад хүрч, одоогоор 20 багтай лигийн 20 дугаар байрт явна. “Үлгэрийн зохиолч” Клаудио Раньери “Фулхэм”-д ирээд эхний тоглолтдоо ялалт байгуулсан ч энэ удаад 15 жилийн өмнө удирдаж байсан багийнхаа эсрэг багаа бэлээд ялагдал хүлээлээ.

Нголо Канте талбайн төвөөс бөмбөг тууж ороод Педрод дамжуулалт өгснийг испани залуу тайван гоол болгосноор “Челси” тоглолтын эхнээс өөрсдөдөө тун таатай нөхцөл байдлыг бий болгосон юм.

Өмнөх тойрогт “Тоттенхэм”-д 1:3-аар хожигдсоны дараагаар Нголо Кантег Маурицио Сарри хэвлэлээр ил шүүмжилсэн билээ. Тэгвэл энэ удаад магтан сайшаахын зэрэгцээ илүү сайжрах ёстойг дахин айлджээ.

Хэдхэн улирлын өмнө хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож Английн Премьер лигийн Улирлын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн Кантег Сарри ирмэгцээ насаараа тоглосон байрлалаас нь хөдөлгөж, оронд нь өөрөө дагуулж ирсэн Жоржиньог гаргах болсон. Ингээд Канте довтолгоонд голцуу оролцох шинэ үүргийг хүлээн авч, чадах чинээгээрээ хичээсээр байна.

“Канте өнөөдөр их сайн тоглолоо. Хамгаалалтад ялангуяа их сайн. Гэхдээ тактикийн тал дээр дахин сурч мэдэх зүйл байгааг хэлчихье. Шигшээ багтаа тэр төвийн хоёр хагас хамгаалагчийн нэгээр гардаг. Өнгөрсөн улиралд мөн төвийн хоёр юмуу гурван хагас хамгаалагчийн нэгээр гарч байлаа.

Ямартай ч өнөөдөр тэр өөрийн байрлалынхаа үүргийг гүйцэтгэлээ. Өрсөлдөгчийн бүсэд бөмбөг шилжихэд байрлалаа илүү сайн эзлэх болсон. Нэгдүгээр үед нэг л алдаа гаргасан. Өрсөлдөгчийн довтолгооны үеэр Канте Жоржиньотой илүү дөхүү байх ёстой. Жоржиньо алсын дамжуулалт сайн өгдөг ч хурдтай тоглогчдын эсрэг тааруу тоглодог” хэмээн Сарри өчжээ.

Энэ тоглолтын хоёр дахь гоолыг Азарын дамжуулалтаар  Рубен Лофтус-Чик оруулсан. Харин Альваро Мората хаалганаас ердөө гурван метрийн зайнаас цохиод гоол оруулаагүй тул дахиад шүүмжлэлд өртөх нь.

“Тоттенхэм”-д хожигдсоны дараа залуус түгшсэн, бухимдсан янзтай харагдсан. Ер нь ойрын хэдэн хоног бидний хувьд амаргүй өнгөрлөө. Гэхдээ гурван сарын хагасын хугацаанд ганц хожигдох юм байлгүй яахав. Гол нь тэр хожигдлоосоо сургамж авч, дараагийн тоглолтдоо хожих чухал. Лофтус-Чик Европа лигт сайн тоглосон. Энэ удаад ч сайн байлаа. Ер нь түүнд найдахад алдахгүй гэдгээ би мэддэг” хэмээн Сарри өгүүлжээ.

Ийнхүү Лондоны дербид “Челси” хожсоноор 31 оноотойгоор гуравдугаар байрт хэвээр үлдлээ.

Челси – Фулхэм 2:0

Гоол:  Педро 4, Лофтус-Чик 82

Челси:  Аррисабалага, Аспиликуэта, Рудигер, Давид Луис, Алонсо (Заппакоста, 78), Канте, Жоржиньо, Ковачич (Лофтус-Чик, 67), Педро, Жиру (Мората, 70), Азар.

Фулхэм: Рико, Кристи, Одои, Моусон, Ле Маршан, Сери, Чемберс, Юхансен (Айите, 46), Кэрни (Кебано, 76), Сессеньон (Камара, 46), Митрович.

Шар хуудас: Одои (54), Аспиликуэта (69), Мората (83).

Үүний дараагаар “Эмирейтс”-т Хойд Лондоны дерби эхлэв.

“Арсенал” улирлыг хоёр хожигдлоор эхлүүлсэн ч Унаи Эмери улирлын явцад багийнхаа жолоог бүрэн атгаж, тоглогчдоо хөдөлгөж чадаж байгаа. Энэ удаад түүний баг дөрвөн гоол орууллаа. Эхлээд Пьер-Эмерик Обамеянг пенальтиас гоол оруулсан бол үүний дараагаар зочид дараалан хоёр гоол хийсэн. Эрик Дайер ойрын зайнаас мөргөж, дараа нь Сон Хён Мин дээр гаргасан зөрчлийн улмаас пенальти заахад Харри Кейн амжилттай гүйцэтгэснээр дербигийн түүхэнд найм дахь гоолоо оруулсан юм.

Гэлээ ч “Их буучид” тоглолтын хувь заяаг эргүүлж, Пьер-Эмерик Обамеянгийн оновчтой гоё цохилт, Александер Лакасеттийн цохисон бөмбөг Эрик Дайерийн хөлд ойн яг буланг чиглэж гоол болж, эцэст нь уругвай залуу Лукас Торрейра торгуулийн талбай руу нэвтрэн орж тоог 4:2 болгон өмсгөлөө тайлж гүйснээр Эмеригийн баг ялалтад хүрлээ.

Месут Озилыг яагаад талбайд гаргаагүй тухайд бол нурууны гэмтэлтэй гэх шалтгааныг хэлжээ.

“Их тэмцэлтэй ширүүн тоглолт боллоо. Бид “Челси” болон “Интер”-тэй ойрхон тоглочихсон болохоор  гэхэд тамир дутлаа. Хуваарь бидэнд эвгүй таарчээ. Гэхдээ манай залуус сайн үзэлцлээ. Өрсөлдөгч биднээс илүү хөнгөн хөлтэй, шинэ сэргэг байсандаа хожлоо.

Тэгээд ч тэдний 8-9 тоглогч нь өнгөрсөн пүрэв гаригт талбайд гаралгүй, зөвхөн манайхтай тоглохоор бэлдсэн шүү дээ. Өөрийгөө зөвтгөх гээгүй юм шүү. Ийм тоглолтод амралт, шинэ сэргэг байдал гол чухал байдаг учраас хэлэх нь зөв” хэмээн Маурисио Почеттино өгүүлжээ.

Харин Унаи Эмери “Том ялалт. Гэхдээ би одоо лхагва гаригийн тоглолтыг бодож байна. Фанатуудын хувьд их чухал ялалт ч гэсэн “Борнмут”-ыг хожсон шиг гурван оноо л бид авсан. Манчестерт ирэх лхагва гаригт амаргүй байх болно. Гэвч бид сайн тоглохыг зорино. Энэ бол бидний хувьд том сорилт” гэж хэлжээ. Тэд ирэх лхагва гаригт “Манчестер Юнайтед”-ын талбайд зочлох юм.

Хойд Лондоны дерби ширүүн өрнөсөн шигээ фанатуудын дунд ч бага зэргийн толхилцоон болж, долоон фанат баривчлагджээ. Обамеянг руу гадил чулуудсан нэгэн фанат саатуулагдаж, улмаар цаашид стадионд очиж хөлбөмбөг үзэх эрхээ хасуулсан байна.

“Арсенал” энэ хожлын гурван оноогоороо “Тоттенхэм”-ийн өмнө гарч, дөрөвдүгээр байрт бичигдлээ.

Арсенал – Тоттенхэм 4:2

Гоол: Обамеянг 10-пен, 56, Дайер 30, Кейн 34-пен, Лакасетт 74, Торрейра 77

Арсенал: Лено, Папастатопулос, Беллерин, Холдинг, Колашинац, Мустафи (Гендузи, 71), Мхитарян (Рэмзи, 46), Торрейра, Ивоби (Лакасетт, 46), Жака, Обамеянг.

Тоттенхэм: Льорис, Вертонген, Дэвис (Роуз, 82), Орье, Фойт, Сиссоко, Дайер, Эриксен, Алли (Уинкс, 79), Сон Хён Мин (Лукас Моура, 79), Кейн.

Шар хуудас: Вертонген (9), Дайер (32), Мустафи (37), Жака (49), Алли (65), Торрейра (78), Орье (90).

Улаан хуудас: Вертонген (85).

14 дүгээр тойргийн төгсгөлд Мерсисайдын дерби эхлэв.

Ливерпуль хотын хоёр багийн тулааны 90+6 дахь минутад Дивок Оригигийн гоолоор “Ливерпуль” ялалт байгуулж, “Сити”-гээс хоёр оноо дутуу аман хүзүүнд хэвээрээ үлдлээ. Марко Силвагийн багийн үндсэн хаалгач Жордан Пикфордын эргэлзээтэй үйлдлийн дүнд хожлын гоолыг Ориги хийж чадсан.

Төгсгөлд гоол оруулж хожил авсандаа баярласан герман мэргэжилтэн Юрген Клопп талбайг хөндлөн гүйн туулж, баяраа тэмдэглэлээ. Дараа нь тэрбээр энэхүү үйлдэлдээ уучлалт гуйсан юм.

“Хааяа ийм гоол орох үе бий. Юун түрүүнд би талбай руу гүйн гарч баяр тэмдэглэсэндээ уучлалт гуйя. Би тэр даруй Марко Силвагаас уучлалт гуйсан. Би тэднийг хүндлээгүйдээ тэгээгүй юм шүү. Тэд өнөөдөр үнэхээр гайхамшигтай хүчтэй, хэцүү өрсөлдөгч байлаа. Мэдээж, азтай гоол. Тэгээд бас сүүлчийн секундэд. Нээлттэй энэ тоглолтоос бид гурван оноо авах бүрэн эрхтэй гэж бодож байна” хэмээн Клопп өгүүлжээ.

Харин жинхэнэ утгаараа уучлалт  гуйх ёстой Жордан Пикфорд хэлэх ёстой үгсээ хэлсэн байна.

“Үнэндээ тэд талбайдаа азтай байх юм. Золгүй тохиолдлоор би гоол алдлаа. Бөмбөгийг хаалга давуулаад хатгачихья гэтэл хөндлөвчид ойчихсон. Үнэхээр азгүй явдал. Мэдээж, ийм хожигдлын бурууг хаалгач үүрэх ёстой. Өнөөдөр би алдаа гаргалаа. Гэхдээ үүнийг мөдхөн мартаад дараагийн тоглолтдоо бэлдэх болно. “Эвертон”-ы фанатуудаасаа дахин уучлалт гуйя. Та нарт ямар чухал тоглолт байсныг би ойлгож байгаа” хэмээн Пикфорд өгүүлжээ.

Ливерпуль – Эвертон 1:0

Гоол: Ориги 90+6

Ливерпуль: Алиссон, Гомес, Робертсон, Александер-Арнолд, ван Дейк, Вейналдум, Фабиньо, Шакири (Кейта, 71), Мане, Салах (Старриж, 75), Фирмино (Ориги, 84).

Эвертон: Пикфорд, Кин, Динь, Коулмэн, Мина, Бернард (Кэлверт-Льюин, 89), Гейе, Андре Гомеш, Уолкотт (Лукман, 63), Сигурдссон (Зума, 90), Ришарлисон,

Шар хуудас: Шакири (33), Фабиньо (77), Гомес (80), Андре Гомеш (88), Сигурдссон (90).

Ийнхүү Английн Премьер лигийн 14 дүгээр тойрог өндөрлөлөө. Та бүхэнд лигийн жагсаалтыг толилуулснаар энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE