Том Буш 95 насандаа таалал төгслөө

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Том хэмээх Жорж Буш 95 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр 1989-1993 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Энэ дөрвөн жилийн хугацаанд ЗХУ задарч, Берлиний хана нурж, Кувейтийг Саддам Хусейний тэргүүлсэн Иракийн армиас чөлөөлөх “Цөлийн шуурга” дайны ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.

1992 оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш нар хүйтэн дайны санаархалд цэг тавьж, хамтын мэдэгдэл гаргаж байлаа.

Харин түүний засаг барих хугацаанд АНУ-д ажилгүйдэл өсч, татвар нэмэгдэж, улсын төсөв нь алдагдалд орсон юм.

Жорж Буш 1992 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч Билл Клинтонд ялагдсан.

Сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчин хэмээн нэрлэгдсэн ой санамжаа алдах өвчинд нэрвэгдэж, тэргэнцэртэй явах болжээ.

Хэдийгээр нас дээр гарч, бие нь муудсан ч гэсэн түүнийг зургаан эмэгтэй бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт олон жилийн дараагаар буруутаж, шуугиан дэгдээгээд мөн амжсан юм.

Жорж Буш 90 насныхаа төрсөн өдрөө шүхрээр үсэрч тэмдэглэсэн. Тэрээр өмнө нь 75, 80, 85 насныхаа төрсөн өдрөө мөн ингэж тэмдэглэсэн удаатай.

Жорж Буш эхнэр Барбара Буштайгаа 73 жилийн турш ханилсан. Барбара Буш өнгөрсөн дөрөвдүгээр сард 92 насандаа таалал төгссөн юм. Тэд зургаан хүүхэдтэй. Нэг охин нь гурван настайдаа цусны өвчнөөр нас барсан . Мөн 17 ач зээтэй, долоон гучтай ажээ.

Түүний хүү Бага хэмээх Жорж Буш АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан түүхтэй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэлдээ “Хуурамч байхын аргагүй үнэн бодитой дүр төрх, зан чанар, мэргэн оюун ухаан, эх орон, гэр бүлдээ мөнхийн эргэлзэшгүй үнэнч чанарыг тань нэхэн дурсаж байна” хэмээн дурьджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE