Залилан хийсэн бүсгүйг Хятадын хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтнээр өргөмжлөв

Хятадын Цагдаагийн газраас залилангийн гэмт хэрэг үйлдсэн Цинчэнь Цинцин хэмээх бүсгүйн зургийг нийтэлж, эрэн сурвалжилж буйгаа зарлажээ. Гэвч өмнөд хөршийн олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтнийг үзэн ядах бус харин биширч магтан “Хятадын хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтэн” гэж өргөмжилсөн сэтгэгдлүүд хөврөх болсон байна.

Сычуань мужийн Мяньян хотын Цагдаагийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд тус зургийг нийтэлжээ. Цинчэнь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн бөгөөд тус бүлэглэлийн хоёр этгээд баривчлагдан хэргээ хүлээчихээд байгаа гэнэ. Харин залилан хийсэн бүсгүй оргон зайлжээ.

Цинчэний насыг нарийвчлан тогтоогоогүй ч ойролцоогоор 19-тэй гэж хамсаатнууд нь мэдэгдсэн байна. Дүр төрх, байгаа байдлыг нь хараад түүнийг гэмт хэрэгтэн гэж таамаглахын аргагүй тухай хохирогчид ярьжээ.

“Улс даяар гэрэл зургаа тараахыг хүсч мөрөөддөг олон бүсгүй байдаг. Гэвч энэ бүсгүй ганцаараа үүнийг огт хүсэхгүй яваа байх” гэж нэгэн сэтгэгдэлд өгүүлжээ.

Харин Мяньян хотын Цагдаагийн газраас олон нийтийн сүлжээгээр алдаршсан бүсгүйн талаар “Гоо үзэсгэлэнтэй төрөх буруу биш. Харин түүнийгээ гэмт хэрэгт ашиглах нь буруу” гэж зарлаад байгаа гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE