49 настай дөрвөн эмэгтэй Женнифер Лопестой барьцаж нүцгэлжээ

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр 49 настай Женнифер Лопес InStyle сэтгүүлийн нүүрэнд задгай даашинзтай гарсан билээ. Өөрийн насандаа баймгүй гоо галбираа гайхуулсан дуучин, жүжигчний энэ зураг чацуутнуудынх нь сэтгэлийг хөдөлгөж, барьцаж нүцгэлэх хүслийг төрүүлжээ.

Ингээд Жей Лотой үе тэнгийн дөрвөн эмэгтэй яг адил даашинзаар гоёж, зураг авахуулсан байна. Мэдээж, Женнифер Лопес шиг гоо сайхан, бие галбирын бүтэн баг ажиллуулдаггүй ч гэсэн энэ дөрвөн эмэгтэй зориг шулууджээ.

Тэдний нэг нь Клэр Дэвид. “Би өөрийнхөө төлөө том алхам хийлээ. 2016 онд жингээ багасгах хагалгаа хийлгэсэн юм. Өмнө нь 62 размерын хувцас өмсдөг байсан бол одоо 50 болсон. Гэхдээ дахиад турмаар байна. Арьс маань унжаад нэг их сайхан харагдахгүй байгаа ч зураг авахуулахаар зориглолоо. Яахав, бие галбир минь сайхан харагдахгүй ч надад сайхан зүйл бас бий. Тухайлбал, нүд минь хэнээс ч дутахгүй” гэж Клэр Дэвид өгүүлжээ.

49 настай япон эмэгтэй Юмико Ханаска мөн Жей Лотой мөчөөрхлөө. “Он жилийн эрхээр бие галбир минь өөрчлөгдсөн. 20 настайдаа туранхай сайхан харагдахын тулд юу ч хийх хэрэггүй байж. Харин одоо бол морь унаж, йогоор хичээллэж байж л бие галбираа хэвийн хэмжээнд байлгадаг. Би гоё хөлтэй. Миний биеэс хамгийн бага өөрчлөгдсөн зүйл хөл маань. Гэвч гэдэс, мөр маань их өөрчлөгдөж, муухай болсон. Жей Ло шиг өгзөгтэй байхыг хүсэлгүй яахав. Гэхдээ тийм болохын тулд өдөрт ядаж нэг сая удаа сууж босох хэрэг гарна” хэмээн Юмико өгүүлсэн байна.

Жей Лотой барьцсан гурав дахь эмэгтэй бол Жулиана Формикола. Багш мэргэжилтэй энэ эмэгтэй мөн л 49 настай.

“Женнифер Лопес өөртөө арчаатай эмэгтэй болохоор урьдынх шигээ л сайхан харагдаж байна. Гэхдээ би ч гэсэн түүнтэй адил 20 настай үеийнхээсээ илүү сайхан болсон гэж боддог. Хэдэн жилийн өмнө нуруундаа хагалгаа хийлгэсэн болохоор эрчтэй хурдан хөдөлж дасгал хийх боломж надад үгүй. Гэхдээ л долоо хоногтоо нэг удаа спортоор хичээллэдэг юм. Би хөлөндөө дуртай. Хамгийн дургүй нь гэдэс. Гэдэснээс л болж илүүдэл жинтэй болчихоод байдаг. Миний өгзөг Жей логийнх шиг биш л дээ. Гэхдээ байнга дугүй унадаг болохоор дажгүй хэвээрээ” хэмээн Жулиана ярьжээ.

Жей Логийн дөрөв дэх өрсөлдөгч нь өрх толгойлсон эмэгтэй Сара Фола Эддо. Тэрбээр  мөдхөн 50 нас хүрнэ. “Жей Ло шиг хувцаслаж зураг авахуулна гэдэг миний хувьд их том эр зоригийн шийдвэр байлаа. Гэвч Женнифер чадсан юмыг би яагаад чадахгүй гэж? Би эмийн санд ажилладаг. Гэхдээ амьдралдаа ганц удаа Жей Лотой адил супер одын мэдрэмжийг амсая гэж бодсон юм. Би үргэлж 48-52 размерын хувцас өмссөөр ирсэн. 2015 онд намайг том размерын хувцас өмсөж загварын тайзнаа гарахыг урихад нь очсон. Тэнд янз бүрийн бие хаатай олон эмэгтэйтэй уулзан танилцаж, сэтгэл их хөдөлсөн. Тэдэнтэй уулзсанаар бие галбиртаа гутрахаа больж, харин ч хайрлаж, бахархсан юм. Секси харагдахын тулд заавал 42 размерын хувцсанд багтах албагүй” хэмээн Эддо өчжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE