Хамгийн олон лицензтэй ч хамгийн бага татвар төлдөг компаниуд

Монгол Улсын олборлох салбарт 2006 оноос хойш Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга гэх олон улсын байгууллагын салбар байгуулагдан ажиллаж эхэлсэн байдаг. Тус санаачилга Монгол дахь олборлох салбарын ил тод байдлыг хангаж, уул уурхайн компани, Засгийн газрын харъяа байгууллагуудын тайланг ил болгож эхэлсэн билээ. Сүүлийн жилүүдэд компаниудын тайланг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд өөрийн аймаг, суманд хэчнээн уул уурхайн компани ажилладаг, хэдэн тооны лиценз олгогдсон байдаг тухай мэдээллийг авах боломжтой болжээ.

Ингээд ОҮИТБС-ын цахим тайланд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар олборлох салбар дахь тоон мэдээллийг харьцуулан хүргэе.

ХАМГИЙН ОЛОН ЛИЦЕНЗТЭЙ НЬ “АЛТАНДОРНОД МОНГОЛ”

Цахим тайланд онцолсноор хамгийн олон буюу 55 тусгай зөвшөөрлийг “Алтандорнод Монгол” ХХК эзэмшиж байна. Түүний араас “Кожеговь”-45, “Монголросцветмет”-39, “Монголын алт МАК”-29, “Талын Монгол Групп”-20 тусгай зөвшөөрлийг эзэмшдгээрээ удаалжээ.

Дээрх компаниуд Ашигт малтмал газрын тосны газраас албан ёсны хүсэлт, шалгаруулалтаар дээрх лицензүүдийг эзэмшсэн эсэхийг бататгав. Ашигт малтмал газрын тосны датад мэдээлэлд тусгай зөвшөөрлийнхөө тоогоор тэргүүлж байгаа “Алтандорнод Монгол” 22 лиценз эзэмшдэг гэж гарч ирж байна. Тэгвэл “Кожеговь” ХХК Ашигт малтмал газрын тосны газарт бүртгэлгүй аж. “Монголросцветмет” ХХК-ийн 39 лицензээс нь 30 нь, “Монголын алт МАК”-ийн 29-өөс 24, “Талын Монгол Групп”-ийн 20 тусгай зөвшөөрлөөс 1 нь бүртгэлтэй байна.

ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛДӨГ НЬ “ЭРДЭНЭТ”

Тэгвэл дээрх компаниуд татвар, төлбөрөө төлдөг байдлаараа зарим нь “сураг” алдарчээ. Улсын хэмжээнд одоогийн байдлаар хамгийн их татвар, төлбөр төлдөг топ 5 компанийг “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлж, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Монголын алт” МАК удаалж байна.

Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хэрхэн төлдгөөр нь харвал дээрх компаниуд байрандаа байна. Энэ жагсаалтаас “Монголын алт МАК” хасагдаж, оронд нь “Энержи ресурс” орж иржээ.

ХАМГИЙН ӨГЛӨГЧ НЬ “ОЮУТОЛГОЙ”

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад хандив, дэмжлэг үзүүлэх нь албан биш ч байх ёстой үүргийн нэг гэж үздэг. Хандив дэмжлэг хэрхэн үзүүлдгээр нь жагсаахад Оюутолгой тэргүүлж, араас нь Энержи ресурс удаалжээ. Үүний араас Цайртминерал, Жавхлант орд, МоЭнКО орж ирж байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ “СУРАГГҮЙ КОМПАНИУД” ИХИЙГ ХИЙЖЭЭ

Уул уурхайн салбарт байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал хамгийн чухал. ОҮИТБС-ын цахим тайланд дурдсанаар байгаль орчинд зарцуулж байгаа хөрөнгөөр нь уул уурхайн компаниудыг жагсаахад “Голден хаммер” гэх компани тэргүүлсэн байх юм. Энэ компанийн ард Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Баянгол эко заамар”, “АГМ Майнинг”, “Хүдэр-Эрдэнэ”, “Форс Голд Майнинг” гэх компаниуд удаалжээ.

Хэдийгээр ашигт малтмал бүр онцлогтой. Байгаль орчинд учруулах хохирол, татвар төлбөр гэх мэтээр. Гэвч эдгээрээс нэг л зүйл харагдаж байгаа нь хамгийн олон лицензтэй, хамгийн том талбайтай, мөн бас хамгийн ашигтай ашигт малтмалыг олборлож байгаа компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг хандив дэмжлэг, хуулиар хүлээсэн үүрэг болох байгаль орчинд хөрөнгө зарцуулах байдал нь “сураггүй” байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE