Шуурганы улмаас 50 сум цахилгаангүй, 211 айл гэр оронгүй боллоо

Өчигдөр үргэлжилсэн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгийнхан багагүй хохирол амсаад байна.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр одоогийн байдлаар Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ.

Мөн зарим суурин газруудад хүчтэй салхины улмаас гэр, байшингийн дээвэр нурж, мадчид малтайгаа уруудсан, сураггүй болсон болсон дуудлагууд ч онцгой байдалд иржээ. Нөхцөл байдлыг тоймлоё.

              Гэмтлийг УБЦТС-нээс хүч нэмэгдүүлэн засварлаж байна

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, тэр дундаа Увс аймгийн зарим сумдаар 34 м/секундын хүчтэй шороон болон цасан шуурга шуурчээ.

Хүчтэй салхины улмаас Увс аймгийн Өмнөговь сум ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унажээ. Энэ гэмтлээс үүдэж Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан тасарсан байна. Гэмтлийг шуурхай засварлахаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажилдаа оржээ. Засварын багт хүч нэмэгдүүлж өнөөдөр үүрээр 02.26 цагт нийслэлээс Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээний Шуурхай ажлын хэсэг 220 кВ-н 3 ширхэг тулгуур, 2 ком траверс тээвэрлэн Увс аймгийг зорьжээ.

Цахилгаан тасарсны улмаас аймгийн төвүүдийг дараах байдлаар цахилгаанаар түр хангаж байна. Улаангом сумын “Дулааны 1, 2 станц”-ыг зөөврийн эх үүсвэрээс, Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч сум болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь сумын Дулааны станцуудыг Дөргөний Усан цахилгаан станцаас цахилгаанаар хангаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

                Хамгийн их хохирлыг Увс аймгийнхан амсчээ

Цаг агаарын гамшигт үзэгдэл цахилгааны сүлжээг гэмтээгээд зогсохгүй суурин газруудад айлын гэр, хашаа, байшин ч олноор өртжээ.

Баян-Өлгий аймагт– 3 суманд 5 гэр ,

Говь-Алтай аймагт– 4 суманд 100 гэр,

Увс аймагт– 10 суманд 75 гэр, 36 байшингийн дээвэр, 117 хашаа,

Ховд аймагт-8 суманд 29 гэр, 4 байшингийн дээвэр, 84 хашаа нийт 4 аймгийн 25 суманд 211 гэр, 205 хашаа нурсан, 63 айлын байшингийн дээврийн төмөр хууларч унажээ.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны А/59 дүгээр тушаалаар орон нутгийн автозамын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас 26-ны өдрийн 11:00 цаг хүртэл түр хаасан байна.

Тугалаа тууж явсан хүүхдүүд сураггүй болов

Дээрх аймгуудын Онцгой байдлын хэлтсийнхэн сураггүй болсон иргэдийн эрэн хайх ажиллагааг энэ өдрүүдэд зохион байгуулжээ.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 2 дугаар хэсгийн задгай гэх газарт сэтгэцийн эмгэгтэй, 24 настай М гэх залуу 25-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан байна. Онцгой байдлынхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  тэр өдрийн 14:34 цагт  сумын төвөөс зүүн зүгт 13 км-т “Мэргэний-Ар ” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн “Модон хөшөө” гэдэг газар тус сумын харьяат 44 настай, малчин Ө нь 25-ны өдрийн 09:00 цагт малаа хариулж яваад сураггүй болсон дуудлагыг ирүүлжээ. Түүний дараахан 15:00 цагт сураггүй болсон Ө-ийн 2 хүүхэд гэрийн ойролцоогоос тугалаа тууж ирэхээр яваад сураггүй болсон дуудлагыг дахин ирүүлсэн байна. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр орой 22:30 цагт 2 хүүхдийг гэрээсээ баруун зүгт 3 км-т, малчин Ө-г 26-ны өдрийн 05:00 цагт тус сумын “Модон хөшөө” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Тэгвэл Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн ‘Хустайн-Ам’ гэдэг газар тус сумын харьяат малчин О-ын 900 толгой бог мал 25-ны өдрийн 02:00 цагт шороон шуурганд уруудаж сураггүй болсныг 13:00 цагт малыг тогтоож эзэнд нь хүлээлгэж өгчээ.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас одоогоор хүний амь нас, эрүүл мэнд хохирсон мэдээлэл ирээгүй байна.

Эх сурвалж:News1.mn Б.ЗАЯА

SHARE