Цэвэрлэгч эмэгтэй аттестатаа зассаны төлөө 10 жилийн ял сонсов

Грек даяар цэвэрлэгч эмэгтэйн асуудлаар дуулиан дэгдээд байна. Тус Улсын Ерөнхий прокурор хүртэл цэвэрлэгч эмэгтэйд ногдуулсан 10 жилийн ялыг хэт хүндэдсэн хэмээн үзэж, шийдвэр гаргасан шүүгч нарыг ажлаас нь халах хүртэл шийтгэл оноохоо мэдэгдлээ.

Нэгэн эмэгтэй тавдугаар анги төгссөн хэрнээ аттестат дээрээ зургаадугаар анги төгссөн болгож зассан нь илэрч, улмаар шүүхийн хаалга татжээ. 1996 онд Волос хотын дунд сургуулийн цэвэрлэгчийн ажилд шалгаруулж авах зарын дагуу очихдоо тэрбээр аттестатаа нэг анги өгсүүлээд засчихсан юм байна. Ингээд тухайн ажлын шалгаруулалтад тэнцэж тэндээ 20 жилийн турш ажиллажээ.

Гэтэл 53 настай эмэгтэйн аттестат засвартайг жил орчмын өмнө олж тогтоон, байцааж, сүүлдээ шүүхэд шилжүүлжээ. Олон хүүхэдтэй, нөхөр нь хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг цэвэрлэгч эмэгтэй шүүхэд мэдүүлсээр атал анхан шатны шүүх 15 жилийн ял оноожээ. Залилан хийсэн, улсад 120 мянган еврогийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ийм ял ногдуулсан юм байна. Эмэгтэй давж заалдсан ч ялыг нь таван жилээр бууруулж, 10 жил болгон багасгажээ.

Шүүхийн энэ шийдвэрийн талаар Грекийн сонин хэвлэлүүд мэдээлснээр олон нийт шүүгчийн шийдвэрт ихэд эгдүүцсэн юм. Аттестат дээрээ анги нэмж заслаа гээд нийгэмд ямар ч гэм хор учруулахгүй, мөн санхүүгийн хүндрэлтэй хүнийг дээрэлхсэн маягтай шийдвэр гаргаж үлдсэн насыг нь шоронд өнгөрүүлэх гэлээ гэж олон нийт дургүйцэж байна. Үүнийг Грекийн Ерөнхий прокурор Ксени Димитриу ч анхааралдаа авч, шүүхийн шийдвэрийг цуцлахаар болсны зэрэгцээ шүүгч нарыг ажлаас нь халахаа мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE