200 тонн алтнаас үнэтэй НИЙГМИЙН ЛИЦЕНЗ

                           Хошин эхлэл: 5050 ширхэг хөтөлбөр

Монгол Улсын эрх зүйн мэдээллийн сангаас “хөтөлбөр” гэдэг үгийг хайхад 5050 илэрц харагддаг юм байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоолоор хэчнээн хөтөлбөр батлагдсаныг харах гэсэн төдий үйлдлийн үр дүн энэ юм. Гэхдээ 5050 хөтөлбөр баталсан гэсэн үг биш л дээ. Нэг хөтөлбөрт хэчнээн удаа ийм үг орсныг нийлүүлсэн тооны нийлбэр. Хөтөлбөр гэдэг үг орсон 5050 илэрц-тийм ч бага тоо биш. “Мах”, “Ноолуур”, “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ”, “Сав баглаа боодол”, “Чацаргана” зэрэг нэртэй хөтөлбөрүүд нэлээд урт цуваа үүсгэж байна. Өөрөөр бол, үе үеийн Засгийн газар чамгүй олон тооны хөтөлбөрийг баталсан нь харагдана.

Хөтөлбөр гэж чухам юу болох талаар нэгдсэн ойлголт, тодорхойлолт байдаггүй юм байна. Хөтөлбөр гэж юу болох, хэр “хүчтэй” ажил болох, ер нь үр дүнд хүргэхэд юуг нь чухалчилдаг, яагаад үр ашгаа өгдөггүйг ухаж судлахыг хүссэн эхний үйлдэл хөтөлбөрийн тухай ойлголт байв. Харамсалтай нь энэ талаар тодорхой мэдээлэл олж чадаагүй тул шууд гол сэдэвтээ оръё.

               “Алт” хөтөлбөрийн тухай та хэр сайн мэдэх вэ?

Уул уурхайн талаарх асуудалд иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, зарим мэргэжлийн хүмүүс “Алт” гэх хөтөлбөрийн тухай үе, үе хөндөж, тэр “дурдатгал” нь бараан талдаа, үр ашиггүй, үе, үеийн эрх баригч, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүсийн халаасыг түнтийлгэсэн, байгаль орчныг сүйрүүлсэн ажил болсон тухай байх нь олонтаа. Харин нөгөө талд Монгол Улсын эдийн засгийг сэргээж байсан хөтөлбөр юм шүү гэж хамгаалсан өнгө аястай тайлбар мэр, сэр бий.

Хөтөлбөр ч бай, төсөл ч тэр төр засгаас шийдвэр гарган төсөв батлуулан хэрэгжүүлж байгаа ямар ч арга хэмжээ үр дүнтэй байх учиртай. Гэвч сүүлийн жилүүдэд ямар нэгэн хөтөлбөр, арга хэмжээ байнга шүүмжлэл дагуулж, ард түмэн өөрсдөд нь үр ашигтай, өгөөжтэй үр дүнг хүсэмжлэх болов. Үүний нэг нь “Алт” хөтөлбөр.

“Алт” хөтөлбөр батлагдсан 1991 оноос хойш өнөөг хүртэл энэ салбарынхан 200 тонн алт олборлож /УУХҮЯ-ны хэлтсийн даргын ярьснаар/ борлуулалт нь 2.8 тэрбум ам.доллар буюу өнөөдрөөр яривал Монгол Улсын нэг жилийн төсвийг өлхөн бүрдүүлэх том “бүтээн байгуулалт” байв. Бараг 30 орчим жил үргэлжилж байгаа энэ том хөтөлбөрийг дүгнэж цэгнэх цаг хэдийнэ болжээ. Магадгүй сайн хөтөлбөр болсныг хэтэрхий өөнтөгч нүдээр монголчууд харах болсон уу? Эсвэл зөвхөн ашиг бодсоор үндсэн зарчмаа алдаж олон нийтийн эсэргүүцэлтэй тулав уу?

                                          Анхны хөтөлбөр ингэж эхэлжээ

1990 он. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгөний хомсдолд орж эхэлсэн үе. Тухайн үеийн төр засаг энэ хүндрэлийг даван туулах арга ухаан сийлсний нэг нь газрын хэвлийн доорх алт хэмээх шар металийг эргэлтэд оруулах шийдвэр байв. Ингэж 1991 онд Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар “Алт” хөтөлбөрийг баталж, нэг жилийн дараагаас олборлолт хийж эхэлжээ. “Эл  хөтөлбөрийн хүрээнд 1991 оны байдлаар Монгол Улс 100 тонн  алтны нөөцтэй болж чадсан юм.  Гэхдээ бэлэн байсан нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан гэдгийг хэлэх ёстой байх. Тодруулж хэлбэл, Монгол Улс шороон ордын нөөцөө ашигласан гэсэн үг.  Өнөөдрийн байдлаар  энэ  салбарынхан нийтдээ 200 тонн гаруй алт олборлож, 2.8 тэрбум ам. долларын борлуулалт хийсэн гээд яривал Монголын эдийн засагт өгөөж өгсөн хөтөлбөр гэж дүгнэж болно” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат жил гаруйн өмнө хэвлэлд ярьжээ.

Хөтөлбөр үндсэн үүргээ амжилттай биелүүлснээр 1997 онд “Алт 2000” хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар шийдвэрлэж байжээ. Салбарын хүмүүс эдгээр хөтөлбөрийн үр дүнд уул уурхайн салбарын хөгжилд түлхэц болсон,  хувийн хэвшлийнхний үүрэг, оролцоог нэмэгдүүлснээс гадна валютын нөөц нэмэгдсэн. Жишээ нь, Монгол Улс 2005 онд  24.1 тонн алтыг олборлож, 31 хувийг нь  экспортод гаргасан нь тухайн үеийн хамгийн өндөр үзүүлэлт байсан гэдгийг онцолдог юм.

2017 оны 1 дүгээр сарын 18. Монгол Улсын Засгийн газрын 20 дугаар тогтоолоор “Алт-2” хөтөлбөрийг батлав. Хөтөлбөрийн зорилго Монгол Улсын алтны үйлдвэрлэлийн ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангаж алт олборлох, боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах, алтны үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг өсгөхөд оршино.. Хөтөлбөрийг ойрын болон дунд хугацааны 2 үе шаттайгаар 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны нөөц 100-150.0 тонноор нэмэгдсэн байна, алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар  2020 онд 25 тоннд хүргэсэн байна гэж байгаа. Түүнээс гадна алтны хяналт хариуцлагын  тогтолцоо төлөвшин бүрдсэн, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулагдсанаар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд шууд борлуулах боломж бүрдэхийн зэрэгцээ үнэт металлын эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, шинээр ажлын байр бий болсон,  Монголбанкинд тушаах алтны хэмжээ тогтвортой өсч, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр үндэсний валютын ханш тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл, төлбөрийн чадвар сайжирсан байх төлөвийг хөтөлбөрөөс онцолж харж болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбатын ярилцлагаас онцолж болох бас нэг мэдээлэл нь “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилт. Тэрээр ярилцлагадаа “Бид эхний ээлжинд алтны эрэл хяналтын ажил гэж сэдэвчилсэн судалгааны ажлыг зохион байгуулахаар бэлтгэл хангаад  явж байна. Энэ онд багтах байх /2017 он/. Алтны   гол  район  болсон төв, зүүн чиглэлд өмнө нь судлагдсан,  тэмдэглэгдсэн газруудыг шалгаж,  нөөц тогтоохоос гадна  хэтийн төлөвт багтсан талбайн нөөцийг ялгах юм. Харин хайгуулын ажлын хүрээнд лицензээр болон сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлүүдийг олгох гэж байгаа. Өргөдлийн журмаар нэгдсэнтэй нийлээд 18 сая орчим га талбайд тусгай зөвшөөрөл олгоно. Сонгоны журмаар 1.6 сая га газрыг нэмж олгохоор Засгийн газраас тогтоол гарсан. Тэгэхээр эхний ээлжинд улсын төсвийн хөрөнгөөр алтны чиглэлийн ерөнхий судалгааны ажлыг эхлүүлсэн. Дээрээс нь тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэх замаар хувийн хөрөнгийг татаж, ордуудын нөөцийг өсгөх, илрүүлж тогтоох ажлыг хийхээр  төлөвлөсөн.  2017 оны гуравдугаар сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1580 ААН-д  олгосон. Үүнээс алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий  500 гаруй лиценз олгосон байна” гэжээ.

Төрийн чиг үүрэг, хэрэгжилт ийм маягтай явж байна. Өөрөөр хэлбэл, шар металийг тойгдсон гурван удаагийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг “орхиж” тэмдэглэвэл ийм байна.

Тэгвэл хөшигний цаана байгаль орчны доройтол, ард түмний алдарсан илтгэл, хуулийн алдаа завхрал гээд “буцлах” асуудал олон бий.

  Тосон Заамараас тоосон Заамар болсон түүх буюу хөтөлбөрийн “үр шим”

Монгол орны төв болон зүүн чиглэлд алтны гол район байна гэж судлаачид тэмдэглэдэг. Тийм ч учраас анхны хөтөлбөр хэрэгжсэн үндсэн газар бол Төв аймгийн Заамар сум. Улсын эрдэнэсийн санд 120 тонн алт тушаасан гавьяатай ч хүртсэн үр шимээ өнөөдөр Заамарчууд зүхэх суух болсон. Тосон Заамараас тоосон Заамар болсон түүх “Алт” хөтөлбөртэй шууд холбоотой. Өнөөдөр уул уурхайн салбарын хамгийн муу жишээ, төрийн ажлын хамгийн муу хувилбар Заамар гэдэгтэй маргах хүн үгүй. Малын бэлчээр талхлагдаж, гол горхи ширгэж, ухаж сэндийчсэн “уудам” нүхээр дүүрсэн Заамар сумын ард иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардаж хүчтэй тэмцлийг өрнүүлж эхлээд байгаа.

“Алт” хөтөлбөрийн хамгийн гол алдааг анх санаачилсан Ерөнхийлөгч П.Очирбат өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэрээр “Алт хөтөлбөрийг эхлүүлж байх үед техник технологийн хүчин чадал муугаас болж хаягдал их гарсан. Хоёрдугаарт нөхөн сэргээлт хийдэггүй, дутуу хийдгээс болж байгаль орчны унаган төрх алдагдсан. Мөн 2001 оноос “нинжа” гэсэн бүлэг гарч ирсэн. Ийм гурван янзын гарз гарсан гэж боддог. 20 жилийн өмнөхийг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулж үзвэл учир дутагдалтай. Тухайн үед жингийн туухай дээр тавиад үзвэл арай өөр дүр зураг харагдах байх” хэмээн өөрийн бичсэн “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи /алт, мөнгө, алмаз/” номын  нээлтийнхээ үеэр 2013 онд ярьж байв.

Тэр ч үнэн. 2001 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн салбараас хамааран 5,8 мянган га газар эвдрэлд орсон гэсэн тоо байдаг. Үүний 5,36 мянган га нь 1992-2000 оны хооронд эвдэрсэн газар аж. “Алт” хөтөлбөр эхэлж байхад 1992-1996 онд компаниудын техникийн нөхцөл байдал муу, нөхөн сэргээлтийн талаарх ойлголт бараг байхгүй байсан нь уг хөтөлбөрийн сөрөг үр дагавар юм. Мөн 2001 оноос энэ салбарт “нинжа” хэмээх шинэ бүлэг бий болжээ.

“Алт-1” хөтөлбөр ашгаа өгсөн ч байгаль орчин, баялгийн эздэд үлдээсэн “шарх” өнөө хэр аниагүй учир хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд ард түмний эсэргүүцэлтэй тулаад байна. Өнгөрсөн жил батлагдсан “Алт-2” хөтөлбөрөөр Төв аймгийн Заамар суманд олгогдсон олгогдсон тусгай зөвшөөрлийн эсрэг нутгийнхан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөтөлбөрийн хэрэгжилт гацахад хүрээд байна гэж үзэх үндэстэй.

Монгол Улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан л бол хайгуул, олборлолт хуулийн хүрээнд байх эсэх нь хамаагүй гэсэн хоцрогдсон ойлголт уул уурхайн салбарт бугшсаар байна. Тэгвэл олон улсад тэс өөр ойлголтоор энэ салбар амжилттай хөгжиж байна.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухай хуулиар томоохон төсөл хөтөлбөрүүд дээр стратегийн үнэлгээ хийх заалттай байдаг. Тэгвэл “Алт-2” хөтөлбөр дээр энэ үнэлгээг хийгээгүйг иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж байгаа юм. Олон нийтийн эсэргүүцэлтэй, дахин л нөгөө судалгаа муутай, хяналт шалгалт хангалтгүй, чадваргүй, хуулиа зөрчсөн тушаал шийдвэрүүдтэй төслийг зогсоох санаачилга өнөөгийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын түвшинд яригдсан удаатай гэдэг.

Нийгмийн лицензээ ав л даа

Төрийн эрх бүхий байгууллагаас өгдөг тусгай зөвшөөрлөөс илүү эрх дарх, үнэ цэнэтэй зүйл нь нийгмийн лиценз буюу олон нийт, төсөл хэрэгжих, нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн зөвшөөрөл гэдгийг олон улсын хариуцлагатай компаниуд аль хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Зөвхөн алт ч бус бусад ямар ч ашигт малтмалын хайгуул, олборлолтын явцад уул уурхайн компани хуулиар, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлдэг, баялгийн эцсийн жинхэнэ эзэд болох нутгийн иргэдэд өгөөжтэй үлдэцтэй, нутаг орных нь хөгжилд нэмэртэй бүтээн байгуулалт, үр өгөөжийг бодитоор бий болгодог жишиг олон улсад хэдийнэ бий болжээ. Чили улсын нэгэн тосгоны дор алтны томоохон орд илэрчээ. Уул уурхайн нэгэн компани тус ордыг ашиглахын тулд тосгоны иргэдтэй 5 жилийн турш хэлэлцээр хийсэн байна. Ингэсний эцэст тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж ордыг ашигласны дараа тосгоны хуучин буурин дээр томоохон бүтээн байгуулалт өрнүүлж уугуул иргэдийн амьдралын орчныг орвонгоор нь өөрчилсөн жишээ бий. Өөр бусад улсад ч ийм жишээ олон. Өөрөөр хэлбэл, төслийн нөлөөлөлд өртөх, нутгийн иргэдийн зөвшөөрлийг шударгаар, нэр төртэйгөөр авах нь энэ салбарт тулгамдаж байгаа хамгийн том асуудал болоод байна.

Түүхэн явцад уул уурхайн салбар байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хүн ам шилжин суурьшихад хүргэснээр эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлыг өдөөж, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байжээ. 2002 онд, Канадын Торонтод болсон Дэлхийн Уул уурхайн Санаачилга хурлаар тогтвортой хөгжилд шилжихэд уул уурхайн үзүүлэх үүргийг судлах зорилгоор уул уурхай, ашигт малтмал, тогтвортой хөгжлийн талаар хоёр жилийн хугацаатай хийгдсэн төслийг (Mining, Minerals and Sustainable Development Project-MMSD) зогсоохоор шийдвэрлэсэн юм. Уг төслийн тайлан /Breaking New Ground/-д уул уурхайн салбар үйл ажиллагаагаа эрхлэн явуулах “нийгмийн зөвшөөрөл”-ийг тухайн нутгийн иргэд, оролцогч талуудаас авч чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр эргээд харахад 20 жилийн түүхтэй, 200 тонн алт олборлосон энэ салбар борлуулалтын систем муу, гар аргаар алт олборлогчид буюу нинжа нарын армитай, хилээр хулгайгаар алтаа давуулдаг байдал байсаар л байна. Нөгөө талд байгаль орчны доройтол, хөрс бэлчээрээ алдсан малчид иргэдийн эсэргүүцэл улам дэвэрсээр байгаа юм.

Хэчнээн сайн санаа, хөтөлбөр төсөл, үр ашиг нь санаанд багтамгүй их байвч нийгмийн захиалга, ард түмний зөвшөөрөл гэдэг үүнээс илүү үнэ цэнэтэй, хэд дахин хүчтэй гэдгийг “Алт” хөтөлбөрүүд харуулав.

Дашрамд дурдахад, 1987 онд НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн хорооноос гаргасан “Бидний ирээдүй” Брундтландын тайланд улс орны тогтвортой хөгжлийг “Хойч үеийн хэрэгцээг хязгаарлахгүйгээр өнөөдрийн хэрэгцээгээ хангаж чадах хөгжил” гэж тодорхойлсон байдаг. Уул уурхайгаас хэт хараат болсон өнөө үеийн Монгол Улсад яг тохирох сануулга бол энэ юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE