УИХ-аар хэлэлцэх дуулиантай асуудлууд

УИХ-ын гишүүдийн өнөөдөр болон маргаашийн хэлэлцэх асуудлууд их сонирхолтой, олны анхаарлын төвд өрнөнө. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан хэд, хэдэн асуудлыг гишүүд хэлэлцэх юм. Үүнд, Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг,  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, зэрэг багтаж байна.

                     Гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу?

Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудал парламент дахь намууд болон олон нийтийг талцуулаад байгаа юм. УИХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсвийг баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон. Харин төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэсэн байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгээс ч энэ асуудлыг тавьж, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааныг орхиж гарсан. Харин олон нийтийн дунд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих хандлага давамгайлж байна.

Сүүлийн үед өрнөсөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүдийн дуулиан ар араасаа нэмэгдсэн. Үүнд хариуцлага хүлээх байдал зогсонги байгаа нь олны дургүйцлийг дээд цэгт нь хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ парламент мэргэжлийн чадваргүй, ёс зүйгүй гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Гэвч Ерөнхийлөгчийн хориг парламентын түвшинд хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байна.  Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Тодруулбал, “2019 он гарахад цөөн хоног үлдээд байгаа энэ үед хоригийг хүлээн авах нь улс орны эдийн засагт санхүүгийн гацаа үүсч, төрийн алба хаагчид цалингүй болж, ихэнх байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн Байнгын хорооны зарим гишүүн тайлбарласан. Энэ дагуу Байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь хоригийг хүлээж авахаас татгалзлаа.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг эцэслэн шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч, АН, ард түмний дийлэнх масс нь дэмжээд буй хоригийг УИХ-ын чуулганаар хэрхэн хэлэлцэх нь анхаарал татаж байна.

           Нэмэлт өөрчлөлтийг баталвал Засгийн газар хяналтаас гарна

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл энэ цаг үед анхаарал татсан томоохон асуудал болж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал дэгдэхтэй зэрэгцэн Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдэн, эдүгээ өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр замыг нь зассан хуулийн төслийн нэмэлт заалтууд Засгийн газарт тавих ард түмэн, шүүхийн хяналтыг үгүй болгосон гэж хуульчдаас эхлээд мэргэжлийн байгууллага ар араасаа мэдэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр ахмад шүүгчид сэтгүүлчдэд хандаж энэ хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Эсэргүүцэлтэй тулаад байгаа нэмэлт заалтууд:

  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэжээ.

Засгийн газрын буруу, зөв аль ч шийдвэрийг түүний доорх төрийн захиргааны байгууллага гүйцэтгэх үүрэгтэй.

  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буруу, зөв ямар ч тогтоол шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй, хэрэгсэхгүй болно гэсэн үг. Тухайлбал, өвөл хаврын морин уралдааныг зохион байгуулах тогтоолыг Засгийн газар жил бүр гаргадаг байсан. Энэ тогтоолоос үүдэж унаач хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдсөн. Хэрэв энэ хууль батлагдвал Засгийн газар тогтоолоо гаргаж, унаач хүүхдүүд үхэж үрэгдсээр байх нь.

Мөн хамгийн сүүлд өрнөөд байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авсан гишүүдийн хэрэг ч энэ хуулиар хэрэгсэхгүй өнгөрөх болчихоод байгаа нь олны дургүйцлийг бүр дэвэргэж байна.

Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх УИХ-ын гишүүд өөрсдөө хэрхэн хэлэлцэж шийдвэрлэхээс бүх зүйл тодорхой болно.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE