Д.Бямбасүрэн: Эрх мэдэлтнүүд өөрийгөө хамгаалсан хууль гаргаснаар манайхан дэлхийд дээгүүр  орно

 

Төгсгөл. Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

 

 Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн  өнөөгийн улстөрд өрнөж буй үйл явдлыг “Төр төвхнөхийн өмнөх төвөргөөн” хэмээн томъёолж, нийтлэл бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Түүнтэй ярилцсанаа  уншигч танаа хүргэж байна. 

-ЖДҮХС-гийн зээлийг дээгүүрээ хуваагаад авчихсан. Монголын төр ийм байж болох уу?

ЖДҮХС-гийн зээлийн асуудал, эндээс завшсан, хөрөнгө идсэн хүмүүсийг харж байхад хувийн бизнесээ л бөөцийлдөг юм байна шүү дээ. Гол ажил нь тэр юм байна л даа. Энэ шинэ зүйл биш. Би нэг зүйлийг санадаг юм, өнгөрсөн 2012 онд залуухан бизнесмэн Дорнод аймагт очлоо. Тэгээд сонгуульд ороход нь сонгогчид нь асуулаа “Та тэр компанидаа ажиллахгүй юунд УИХ руу зүтгэж байгаа юм бэ” гэхэд нөгөөх нь улайм цайм хариулж байгаа юм. “Би өөрийнхөө комданийн асуудлыг шийдэх гэж байгаа юм” гэж. Тэгээд л тэр хүн сонгогдсон, сонгосон. Тэгээд улам баяжсан, улам томорсон. Одоо залуус тэрний араас дагаад улс төр рүү, УИХ руу явж байна. Асуудал ингэж ар араасаа гарч байна. Төрийг бизнесмэнжүүлдэг  намуудын үзэл, үүгээрээ нэр дэвшдэг, түүгээр нь сонгодог, энэ байдлаа давуу тал гэж намуудад биеэ худалддаг энэ ёс явцгүй.

-Хариуцлага үүрүүлэх, хариуцлага тооцох гэдэг асуудал дээр та түрүүнд хэлсэн “Бид өөрсдөө сонгочихсон шүү дээ” гэдэг зүйлийг манайхан ярьдаг. Гэтэл бид хоёр  институц буюу УИХ, Ерөнхийлөгчийг сонгодог. Энэ хүмүүс прокурорыг, АТГ-ын даргыг, шүүгчдийг томилдог. Томилсон хүмүүстэй нь хариуцлага тооцож чадахгүй юм бол сонгосон хүмүүстээ хариуцлага тооцмоор байх юм. Бид эрхээ эдэлж чадахгүй байна уу?

-Хариуцлагын асуудал нэг талдаа их сонин. Одоо бид нэг гоё үг ярьдаг шүү дээ. “Хүн хуулийн дор амьдардаг” гэж. Гэтэл нөгөө төрд гарсан луйварчид маань өөрийгөө хамгаалах хууль баталдаг. Одоо жишээ нь, УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийгээд үйлдэл дээрээ баригдаагүй бол түүнийг баривчилж болохгүй, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй гээд. Ийм өөрийгөө хамгаалсан хуулийг баталчихдаг. Тэгэхээр эрх мэдэлтнүүд өөрийгөө хамгаалсан хууль гаргаснаар манай улс дэлхийд дээгүүр орох байх. Хэнийг нь ч яах ч арга байхгүй. Францын Үндсэн хуульд парламентын гишүүн хүний ажил, орон гэр, тэр хоёрын хооронд ирэх, очих албан маршрут буюу зам нь дархлаатай гэж байдаг. Замаасаа гараад бааранд ороод сууж байх юм бол тэр хүнд баталгаа байхгүй. Тэнд маш нарийн. Жишээ нь, бусад орныг харж байхад Израиль юм уу, хаана ч юм бэ Ерөнхийлөгч нь хэл аманд оронгуут дуудаж аваачаад шоронд хийчихдэг. Манайд тийм  юм байхгүй. УИХ-ын гишүүд, сайд нар нь бүгд дархлаатай. Энэ дархлааны системийг дэндүү бодлогогүй хийж ирснээс болж бид хариуцлагагүй байдлын барьцаанд орчихсон. Тэдэнд боломж олгосон. Хоёрдугаарт, эрх чөлөө гэдгээ бид дэндүү буруу ойлгож байна. Ялтан, гэмт хэрэгтэн юмуу, ямар ч этгээд эргээд сонгуульд орох боломжийг нь хангаж өгдөг. Бид хүлээн зөвшөөрдөг. Гэтэл үнэхээр тийм гэмт хэрэг хийсэн хүмүүсийг тодорхой улс төри йн хүчин нэр дэвшүүж байгаа бол ард түмэндээ тайлбарыг хүргэдэг шүү дээ, бид ийм байдлаар хандаж байна гэж.

-Хилс хэрэгт шийтгүүлсэн  байвал яах вэ?

-Мэдээж хилс хэргээр шийтгэгдсэн юм уу, хэрэгт гүтггэдсэн хүмүүс эргээд улс төрд орох эрхтэй. Нельсон Мандела 27 жил шоронд сууж  ялтан байгаад ерөнхийлөгч болсон шүү дээ. Тийм эрх байна. Гэтэл хулгай хийсэн хүн тэнд очоод “Би УИХ-ын гишүүн болно” гээд туж явбал болохгүй. Тэр шалгуураар хандах юм бол энэ авлигачид, хулгайч нар дахиж УИХ-д орох эрхгүй. Гэтэл бид тэр эрхийг нь хүлээн зөвшөөрөөд байдаг. Энэ тохиолдолд дахиад нөгөө хулгайчийг  “Чи түрүүчийнхээсээ илүүг олж ир. Чи чадна шүү дээ”  гээд нөгөөхөө  явуулж байгаа юм шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг монголчууд ямар арга замаар хийх вэ. Одоо УИХ-ын түвшинд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийднэ гэж байгаа. Нэг нам дангаараа УИХ-д байгаа цагт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү. 1992 оны Үндсэн хуулийг батлах үед аймаг, сум бүрээс төлөөлөл оролцож шийдсэн байдаг. Тийм процессыг хийе гэхээр төрийн түшээд хүсэхгүй байх шиг?

-Хүсэхгүйгээр барахгүй одоо яриад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт чинь 2015 онд АН эрх барьж байхад төсөл нь гарсан юм шүү дээ. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдад эрх мэдлийг төврөүүлэх, өөрөөр хэлбэл гадны компаниудыг төлөөлөх төлөөлөгчийг дахиж сонгох санаатай Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан хэрэг шүү дээ. Түүнийг нь одоо Ардын намынхан барьчихаад яваад байгаа юм. Би заримдаа боддог юм, одоо Үндсэн хуулийн төсөл бариад яваад байгаа нөхдүүд нөгөө “Дамбийжаагийн Тоодгор”  гэдэг шиг гадны компанийн зарч болж  яваагаа өөрсдөө ч мэдэхгүй байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ингэж хийхгүй.

1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг  жилийн өмнө комисс гарч, Ерөнхийлөгчийн удирдлага дор ажиллаж боловсруулсан. Сүүлд Б.Чимид гуай гардаж боловсруулсан. Ингээд  төслөө боловсруулж гаргаад олон түмнээр хэлэлцүүлж, санал авсаныхаа дараа УИХ-д оруулж батлуулж байсан. Одоо  байдал бүр өөр болсон. Монголыг сонирхох гадны сонирхол өөр болж. Улс төрийн намууд, гадаад, дотоодын комданиуд, гуравдагч этгээд гээд маш олон тал гарч ирж байна. Энэ дунд бид улам чамбай байх хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулийг төр  нь ард түмэнтэйгээ  байгуулсан гэрээ гэдэг утгаар нь бүх нийтийг хамруулах ёстой. Үүнээс өөр байж болохгүй. УИХ дангаараа шийдэж болохгүй. Нэг нам ч байгаад хоёр нам ч байгаад шийдэж болохгүй. Нэг нам байгаад хоёр боллоо ч мөн чанар нь ялгаагүй шүү дээ. Тийм болохоор бүх нийтийг оролцуулах нь чухал.

-Тэгвэл Үндсэн  хуулийн төслийг яаж боловсруулах вэ, Өөрчлөлтийг яаж хийх вэ?

Төрд байгаа намууд, тэр 69 гишүүн гарын үсэг зураад өргөн барьсан төсөл энэ тэр нь намуудын асуудал биз. Ерөнхийлөгч  гэж институт бий, Засгийн газар байна. Энд санал оруулж, оролцож чадаагүй улс төрийн институц болох намууд бүгд  нийлж нэг төсөл дээр бүгд хамтран ажиллаад  ард түмэндээ танилцуулах ёстой. Үндсэн хуулийн гол санаа бол төрийн эрх мэдлийг ард түмэндээ л өгөх  ёстой. Энэ чиглэл дээр л ажиллах ёстой. Одоо Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гээд нэг л сайхан ном ярьдаг улс, хүмүүсийг хагаралдуулж, талцуулж байна. Энэ бол зүгээр л олигархиудын  заль,  тархинаас чинь эхэлж залгих уу, хөлнөөс чинь эхэлж залгих уу гэсэн хоёр асуудлаа тавьж буй хэрэг.

-Бүх ард түмний санал асуулга Монгол Улсын түүхэнд 1945 оны аравдугаар сарын 20-нд ганцхан удаа явагдсан байдаг. Түүнд монголчууд 99.9 хувьтай оролцож тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн. Одоо сонгогчдод тийм идэвх оролцоо хэр байх бол?

-Байна. Үндсэн хуульдаа гэх юм бол бүгд оролцоно. 1945 оны санал асуулгад гарын үсэг  зурахад би гурван настай байсан. Би хүртэл очиж гарын үсгээ зурсан юм шүү дээ. Жаахан хүүхэд байсан, ийм юм зураарай гэхээр нь зураад л өгчихсөн.

-Одоо болж байгаа үйл явдал ЖДҮХС-гийн зээл эрх баригч намыг хагаралдуулж “Тэр авсан, бид илчиллээ” гэх юм уу, “та нар авсан, бид хариуцлага тооцно” гэсэн хоорондын хэрүүл өрнөж байна. Уг нь хариуцлага нэхмээр байх шиг. Та юу гэж бодож байна?

Ганц эрх баригч нам биш, Ерөнхийлөгчийн нэг албаны дарга нь, мөн нэг  орон тооны бус зөвлөх нь чөлөөлөгдөөд явлаа. Тэгэхээр Засгийн газрын гишүүн, сайд, гишүүд гээд цаашаа үргэлжлэх нь тодорхой. Энэ ганц ЖДҮХС биш улсын төсөв гэхэд хэчнээн тэрбумыг цааш хийж байгааг бүү мэд. УИХ-ын гишүүд гэдэг аймгийн Засаг дарга нар шүү дээ. Аймгийн эдийн засаг, хөгжлийн  асуудлыг аймгийн Засаг дарга, ИТХ нь шийдээд тэдэнд мөнгийг нь өгч тэд тэндээ хийх ёстой. Гэтэл  мөнгө төсвийг УИХ-ын гишүүдэд хувааж өгнө гэдэг чинь  үндсэндээ 76 гишүүн 76 авлигачин гэдгийг хүлээн зөвшөөрч байна, нэр нь л зарлагдаагүй болохоос. ЖДҮХС-гаас зээл авсан гэж 40-өөд хүний нэр гаргаад байна. Цаана нь жинхэнэ асуудлын мөн чанараар нь авч үзвэл 76 хүн, 76 авлигачин байгаа гэхэд худал гэх юм үгүй. Төрийн мөнгийг өөрсдөө барьж зарцуулсан уу, зарцуулсан. Түүнээс юу унасан бэ, тэр хүн би мөнгө идээгүй ч гэж хэлж болох ч тэр нөхөр дараагийн сонгуульд гарахын төлөө мөнгийг  зарцуулсан учраас  тэр нь авлигын мөнгө.

-Улсын төсвийг саяхан баталсан. Та эдийн засаг ч хүн, дээр нь Ерөнхий сайд байсан хүн. Төсөвөө УИХ-д  оруулж батлуулж байсан  байх. Энэ удаагийн төсвөөс гишүүд тойрогтоо найман тэрбумыг авч байгаа.Түүнийгээ гишүүний мөнгө гэж хэлэхгүй байгаач сайдын багцад суусан юм гэсэн өнгөлөн далдалт хийгээд байх шиг?

-Эрх мэдэл бүхий нэг нөхөр телевизээр тайлбар өгч харагдсан. Юу гэхээр сонгуулийн үед манай нэр дэвшигч, УИХ-ын гишүүд олон түмэндээ амлалт өгсөн байдаг. Түүнийгээ биелүүлэх хэрэгтэй болдог гэж.  Улайм цайм тэгж тайлбарлаж байгааг хараап цагаандаа гарч дээ гэж бодогдсон. Энэ  олон жил үргэлжилж байгаа асуудал. 2009 оны төсөв батлахад УИХ нь Засгийн газрын оруулсан төсвийг хүлээж авахгүй буцаана гээд мундагдаж байлаа шүү дээ. Гэтэл Ерөнхий сайд Сү.Батболд гарч ирэнгүүтээ УИХ-ын гишүүн бүрт нэг тэрбум тавиад өгсөн. Долоо хоногийн дотор УИХ төвсийг нь батлаад явуулчихсан. Түүнээс эхлээд төсвийн алдагдал  гээч юм хэмжээгээ алдаж, одоо Монгол Улсын төсөв зээл болон бондын мөнгөөр л тэтгэгдэж байгаа. Энэ байж болохгүй. Ирэх жилийн төсвийн бас нэг сул тал нь нүүрсний үнэд хэт итгэж байна. Олон улсын зах зээл дээр юмны үнэ савладаг. Жишээ нь нефтийн үнэ, газрын тосны үнэ доош уначихлаа. Нүүрс, зэсийн үнэ унавал яах вэ. Тэгэхээр үүнийг доод хэмжээнд нь барьж, төсвөө төлөвлөх ёстой. Тухайлбал,ОХУ нефтийн үнийг баррелийг нь 40 ам.доллараар тооцож төсвөө боловсруулж байгаа. 70-80 ам.доллар хүрвэл сайн л биз дээ. Ирээдүйн сандаа мөнгөтэй, баталгаатай болно, хуримтлуулна биз. Гэтэл манайхан байхгүй өндөр үнээр төсвөө тавьж байгаа нь харамсалтай, аюултай.

-76 жижиг тойрог сонгуулийн тогтолцоонд хортойгоор нөлөөлж байна уу?

-Тойрог том ч байгаад нэмэргүй, жижиг байгаад ч нэмэргүйг бид харж байна. Тэгэхээр ер нь 76 хүнийг төрийн эрх барих дээд байгууллага гээд тавихад тэднийг улс төрийн намууд нэр дэвшүүлдэг. Тэгэхээр энэ хэзээ ч эрүүл болж чадахгүй. Сонгуулийн тогтолцоотой холбоод яривал нэг зүйл бий. Төрийн албан хаагчид сонгуульд орох боломж хязгаарлагдана. Төрийн албан хаагчид намын харъяалалгүй байна гэсэн хууль гарсан. Энэ уг нь маш зөв юм. гэтэл сонгуульд орох эрхийг нь хязгаарлачихсан, сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаасаа гарч халагдсан байна гээд. Гэтэл хүн чинь зургаан сарын өмнө ажлаас гарчихаад сонгуулиар гарч чадахгүй бол яах вэ. Авлигачидтай тэмцэж гарна гэдэг хэцүү шүү дээ. Тэр хүн ажилгүй, амьдралгүй болж байгаа гэсэн үг. Ийм тогтолцоо байгаа учраас сонгуулийн үр дүн төрд гарсан хүмүүсийг баяжуулдаг “Найрын ширээний ууц” болчихоод байгаа юм. Энэ нь сонгуулийн тогтолцооны гажуудал. Уг нь төрийн ажлыг мэддэг, төрд ажиллаж сурсан, дадсан тэр хүмүүс төрийн албандаа шат ахиж дэвшин дээш гарч сонгогдох боломжтой байдаг бол асуудал өөрөөр шийдэгдэж болно. “Их Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль хэмээгдсэн “Арван буянт номын цагаан түүх”-д “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэж бий. Төр мэдэхгүй хүн төр барина гэж байхгүй л дээ. Одоо манай УИХ-д сонгогдож байгаа хүмүүсийг харахад зарим нь “Ээ чааваас даа. “Цагаан толгой” байхгүй нөхөр цохиж явна даа “ гэмээр харагддаг. Өөрсдийгөө тэд их магтнаа, “Бид нэг ангийнхан” л гэнэ, “Хичээл хийж байна, бид дөрвөн жил болоод төгсөнө” гэж онгирцгооно. Уг нь хичээл хийдэг газар биш л дээ, асуудал шийддэг хүмүүс нь цуглах ёстой.

 

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE