Д.Бямбасүрэн: УИХ маань  авлигачдыг өмгөөлдөг том институт болжээ

 

Үргэлжлэл. Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу

Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн  өнөөгийн улстөрд өрнөж буй үйл явдлыг “Төр төвхнөхийн өмнөх төвөргөөн” хэмээн томъёолж, нийтлэл бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Түүнтэй ярилцсанаа  уншигч танаа хүргэж байна. 

-Та Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн Засгийн газрын тухайд  ямар бодолтой байдаг вэ?

-Хамгийн наад талын асуудал Засгийн газар гэдэг төрийн үйл ажиллагааг  мэргэжлийн түвшинд хангах ёстой  байгууллага. Улс орны амьдралд хариуцлагатай ханддаг,  мэддэг, мэргэжлийн байгууллага шүү дээ. Энэ бол онгоц жолоодохтой яг адилхан. Гэтэл сүүлийн 20 гаруй жил Засгийн газрын гишүүдийг хэн дуртайг нь аваачиж тавьдаг болсноор техникийн мэдлэггүй хүнд онгоц бариулчихаад тэр онгоцонд нь сууж яваатай адил болчихоод байна. Тэгэхээр улс төрийн Засгийн газар байгуулна гэдэг ийм хортой болохыг бид хангалттай харлаа. Одоо “Мэргэжлийн Засгийн газар” гэж нэг яриа гараад байна шүү дээ, иэнэ маань юунд хүргэж байна гэвэл, Ардын намынхан хоёр удаа “Мэргэжлийн Засгийн газар байгууллаа” гээд хачин юм хийчихээд сууж байна. Тэгэхээр “Мэргэжлийн биш  Засгийн газар” Монголд байгаа тохиолдолд ямар байхыг бид харж байна шүү дээ. Сайд нь ажлаа мэдэхгүй. Тэр хүн Засгийн газар ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Гэтэл сайдыг яаманд шургуулсан дурын нэг олигархи төлөөлөгч хуйвалдаад өөртөө ашигтай шийдвэр гаргуулаад байгаа. Ийм байдлаар бид явж байгаа. Зарим нь энэ байтугай ч шийдвэр гаргах явдал байдаг. Тэгэхээр Засгийн газраа “Мэргэжлийн” болгох, “Мэргэжлийн Засгийн гзар” байгуулах нь амин чухал асуудал. Нөгөөтэйгүүр, Засгийн газарт ажиллах хүмүүсээ сонгох, шалгаруулах нь чухал.

-Төрийн сайд хүн ямар шалгуур, болзлыг хангасан байх ёстой гэж та үзэж байна?

-Одоогийнх шиг  76 хүн танхимд суугаад “Бид сурагчид мөн”, “Нэг ангийнхан”  хэн нь хэнийгээ гэх юм бэ гээд хэн дуртайгаа сайд болгоод байх юм бол тодорхой үр дүн гарахгүй.  Ер нь бол сайд хийх хүн гурван шалгуур давах ёстой. Мэдэхүй, чадахуй, түүнийг даах ёс төр түүнд байна уу. Энэ гурван шалгуурыг давсан хүнээ олж сайд болгох юм бол Засгийн газрын гишүүн сайн ажиллаж болно.

-Социализмын үед дөнгөж сургууль төгсөөд ирсэн шинэ боловсон хүчнийг аль ч салбарт хамгийн доороос нь эхэлж ажиллууж туршлага суулгадаг. Олон жил шат дараатай ажиллаж явсаар, туршлага суусных нь дараа  сайд, дарга болгодог  төрийн залгамж чанарыг бэлддэг байж, тийм ээ?

-Тэр үнэн. Тийм ч  байсан.

-Одоо нэг сонгуулиар УИХ-д ямар нэг аргаар орж ирээд цаашаа сайд болоод явчихдаг жишиг тогтчихлоо. Үүнийг  үсрэнгүй тогтолцоо  гэх үү,  юу гэх вэ?

-Юуных нь үсрэнгүй тогтолцоо байх билээ.Тийм биш. аадах чинь завхрал. Одоо ажлаа мэдэхгүй хүн сайд болно гэж өөрийгөө төсөөлж бодож байгаа нь хөөрхийлөлтэй.

-Мөнгөөр сайд болчихдог гэлцэх юм?

-Сайд болоход тэрбум төгрөг өгдөг болсон гэлцдэг шүү. Одоогоос бараг 5-6 жилийн өмнө тийм байсан гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол нэлээд хэдэн тэрбум болсон байх. Ийм л байдлаар бид асуудалд хандаж байгаа  болохоор харуусалтай, гунигтай байна. Магадгүй залуу насны хөөргөн сэтгэлд юм уу, эсвэл нэр төр хөөцөлдсөндөө сайд боллоо гэхэд юу ч шийдэхгүй, юу ч чадахгүй, харин ч Монголоо худалдчихаад, ард нь өөрийн нэр төр, амьдралын зарчим, хамаг байдгаа баллаад байна шүү дээ. Сайд болоод унаж байгаа зарим залуусыг харахад ингэж л бодогддог. Тэгэхээр сайд болно гэдэг өөрийгөө цэнэх  тухай асуудал. Би  чадах уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

– Хараад байхад УИХ-ын  76 гишүүн дөрвөн жилд бараг бүгдээрээ сайд, байнгын хорооны дарга хийгээд буучих санаатай байх шиг?

-Ийм хүсэл  бодолтой байх нь  түгээмэл  байх шиг байна. Үүний нөгөө талд хариуцлага тооцох механизм алга. Хариуцлага  огт байхгүй байна шүү дээ. Одоо УИХ авлигачдыг өмгөөлдөг том институт болоод байна. Прокурор нь гишүүний эрхийг түдгэлзүүье гээд асуудал тавиад байхад хамгаалаадт үлддэг байсан. Одоо ч хамгаалаад үлдэж байна. УИХ-ын гишүүд авлигатай тэмцэхгүй төдийгүй хүсэхгүй байна.

-Хариуцлагын тогтолцоо ярихаар саяын ярьсан бүх зүйл яг нэг цэгт тулж очоод шийдэлгүй болчихоод байгаа. Хариуцлагагүй, дээр нь төрийн албанд мэдлэг, боловсролгүй хүмүүс мөнгөөр очдог. Эргээд тэр мөнгөө олж авах гэсэн байдлаар ажилладаг юм шигээ?

-Тийм болчихоод байна. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал чинь бүгд наадахаас чинь эхлэлтэй.

өрийг ашиг олох механизм болгоод хувиргачихсан учраас л  “60 тэрбумын хэрэг” , АСЕМ-ын асуудал гээд бүгд төрийн сан руу гар дүрсэн,  татвар төлөгчдийн мөнгөнөөс  идсэн тухай яригдаж байна шүү дээ, тийм ээ?

-“60 тэрбумын хэрэг” , АСЕМ-ын асуудал, Чингис бонд, Самурай бондын асуудал гээд олон том асуудал бий. Дээрээс нь Оюутолгой болон олон уул уурхайн асуудал хөвөрнө. Энэ бүхний цаад талд төр худалдаж, наймаалж байгаа ийм л асуудал байгаа. Томоор харах юм бол бид өмч хувьчлалыг луйвраар явууллаа, хуулиараа бол үйлдвэр, аж ахуйн хамт олон өмчөө хувьчилж авах давуу эрхтэй гэж заалттай. Үйлдвэр аж ахуйн газар нь тэнд ажиллаж байгаа хамт олны өмч байх ёстой. Гэтэл 1992 оны төгсгөлд өмч хувьчлалын хуулиа өөрчлөөд дахин хувьчлал гэдгийг явуулж, хэдэн хүн луйвардаж авах боломжийг нээсэн. Ингээд өмчөө хувьсчаад авчихлаа. Дээр нь төрөө ч худалдлаа. Газраа худалдлаа, Монголынхоо залуусыг гадагш нь гаргаад байна, дээр нь улс орныхоо ирээдүйг зээл авч худалдлаа. Ингэж амташсан хүмүүс гэдэг чинь ерөөс төр гэдэг хамгийн ашигтай биенес юм байна, нэг тийшээ орчихвол хамаг асуудлаа шийднэ гэсэн зорилгоор төр рүү зүтгээд байгаа юм.

Үргэлжлэл бий.

Эx сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE