Увсын ТӨХК-ийн захирал 107.5 сая төгрөгийн краныг 6.4 саяар заржээ

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт хийх хяналт шалгалтын ажлаа эхэлжээ. Шалгалтын явцад хэд, хэдэн зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь өөрийн хувийн эзэмшлийн “Hyundai 5 ton truk” маркийн жижиг оврын краныг төрсөн дүү Р.Ариунаагийнхаа найзын “Агь Гурван-Эрдэнэ” ХХК-д шилжүүлж, улсын дугаарыг 97-15 ХОҮ болгон өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000 төгрөгөөр шууд гэрээ байгуулан нийлүүлснийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Р.Нямтуул нь компанийн үндсэн хөрөнгөд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан “Ланд крузер 200” маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн дундаж үнээс хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалдсан. Түүнчлэн тус компанийн үндсэн хөрөнгөд 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан автокраныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна.

Тэрээр дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө эдгээр авто техникүүдийг хэт хуучирсан гэж танилцуулан хямд үнээр худалдах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар гаргуулсан байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE