Канте оффшороос татгалзсан ч агентууд нь шунав

 

Football leaks хөлбөмбөгийн ертөнцийн хөшигний ард явагддаг нууц гэрээ, үйл явдлуудын талаар мэдээлсээр байна. Энэ удаад Францын шигшээ болон Английн “Челси”-гийн хагас хамгаалагч Нголо Кантегийн тухай хоёр баримтыг дэлгэжээ. Гэхдээ хоёр тохиолдолд хоёуланд нь франц залуугийн нэр хүнд  огт сэвтээгүйн зэрэгцээ харин ч улам бүр олны хайр талархлыг хүлээхээр мэдээллүүд дурьдагдсан байна.

Эхний баримт: “Лестер”-ээс “Челси”-д Нголо Канте 51.9 еврогоор очсоноор тэмдэглэгджээ. Гэвч түүнийг Лондоны баг авахын тулд хөлбөмбөгчийн агентууд болох Грегори Дакад, Абделкарим Дуи нарт маш өндөр хэмжээний урамшуулал өгөхөд хүрчээ. “Челси”-гийн гүйцэтгэх захирал Мария Грановская франц хагас хамгаалагчийг авахын тулд агентад өгөх шаардлагатай байгаа мөнгөний хэмжээг Роман Абрамовичт бичиж явуулахдаа “Та битгий ухаан алдчихаарай” гэж эхэнд нь анхааруулан тэмдэглэсэн гэнэ. Ингээд дараа нь мөнгөн дүн болох 16.5 сая еврог бичжээ. Роман Абрамович энэ үнийг дүнг хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайн үед Нголо Кантег Францын ПСЖ авахаар давхар хөөцөлдөж байж. Гэвч Францын хуулийн дагуу наймааны нийт үнийн дүнгийн 10 хувиас дээш хэмжээний мөнгөн дүнг агентад төлөхийг хориглодог ажээ. Тиймээс агентууд наймааг Парис руу бус Лондон руу эргүүлсэн байна.

Хоёр дахь баримт: Нголо Канте оффшор бүсэд компани байгуулжээ. Гэвч тэр компаниараа ямар ч санхүүгийн үйл ажиллагаа явуулалгүй тэр чигт нь хаалгасан байна. Football Leaks-ийн мэдээлснээр “Челси”-гийн зүгээс франц хөлбөмбөгчийг оффшор компани ашиглан татвараас зугтаахыг санал болгосон гэнэ. Гэвч хөлбөмбөгчийн тун ойрын гэх эх сурвалжийн мэдээлснээр “Нголо тэр саналыг хүлээн аваагүй. Зүгээр л бусдын адил дунд зэргийн цалин аваад шударгаар амьдрахыг хүсч буйгаа илэрхийлсэн” ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE