Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй

Ө.Гомбо

Жил гаруйн өмнө, 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж байлаа. Тэр чуулган дээр Ж.Эрдэнэбат ингэж хэлж байлаа. Түүний хэлсэн үгнээс эшлэв.

  1. …Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн  шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ.
  2. …Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажилаллаа. Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн,  УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа Монгол Улсын Шадар сайдын ажилд ч алдаа дутагдал байвал хариуцлагыг Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй ээ.
  3. … Баялаг бүтээгдчийн маань амжилтын буухиа хэрвээ тасалдахад хүрвэл, түүнийг үргэлжлүүлэх  улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүйн төлөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд бас хүлцэл өчье.
  4. … Би энэ намд орж ирсэн цагаасаа У.Хүрэлсүх гэж хүнтэй журмын нөхрийн хувиар нөхөрлөж яваа. Нэг хэсэг хугацаанд энэ хүний цэрэг явсан, одоо дарга нь явна. Энэ бол түр зуурын хугацаатай ажил үүрэг, албан тушаалын  хуваарилалт. Харин эр улсын нөхөрлөл насан туршийнх байх ёстой. Энэ үнэ цэнийг би сайн ойлгодог, амьдралынхаа зарчим болгодог хүн. Магадгүй Шадар сайдыг өөрийнх нь хэлснээр тагнаж чагнасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь, захиалагч нь би биш ээ. Энэ бол “бай”-гаа оноогүй хардалт. Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг энэ хариуцлагатай индэр дээрээс дахин хариуцлагатай хэлэх байна. Хэрвээ Шадар сайдыг би захиалга өгч тагнаж чагнасан нь хуулийн байгууллагаар нотлогдвол би хуулийн хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Харин тагнаж чагнасан гэх энэ хэргийн захиалагчийг намайг гэж гүтгэсэн нь хуулийн хүрээнд нотлогдвол Шадар сайд та хариуцлагаа хүлээж, хэн буруутай нь 2020 дуустал намын болон улс төрийн  ямар нэгэн албан тушаалд өрсөлдөхгүй, нэр дэвшихгүйгээр шинэчлэлийн төлөө сул иргэнээр хамтран зүтгэхийг уриалж байна.  Хэн буруутай нь ажлаа өгье, хариуцлагаа хүлээе.
  5. … 60 тэрбумын тухайд энэ талаар надад хэвлэлээр яваад байгаа бичлэгээс өөр мэдээлэл байхгүй ээ. Манай Засгийн газрын хийсэн бүх томилгоо Монгол Улсын хуулийн хүрээнд болсон. Шилж сонгож томилсон нь ч бий, үнэнийг хэлэхэд намын шугамаар, УИХ-ын гишүүд та бүхний  хүсэлтээр томилсон нь ч бий.
  6. 6. …Ард түмэн МАН-д үнэмлэхүй эрх мэдэл, итгэл хүлээлгэж,  бас үнэмлэхүй хариуцлага үүрүүлсэн. 2016-2020 оны засаглалын ял гавьяа, алдаа оноог МАН хэнтэй ч хуваалцахгүйгээр дангаараа хүлээх учиртай.
  7. … УИХ-ын гишүүд бид гадаа талбай шүүрдэж, тоосго цохиж, Тавантолгойд очоод нүүрс тээвэрлэх үүрэггүй.
  8. … Засгийн газар тогтвортой ажиллах дархлаа нь түүнийг томилсон УИХ өөрөө юм. Тэр дундаа эрх баригч намын бүлэг хэр олон суудалтай байна, тэр чинээгээр томилсон Засгийн газрынх нь дархлаа баталгааждаг. Гэтэл өнөөдөр бид 65-уулаа  буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: news1.mn

SHARE