“Манчестер Юнайтед” алдартай баян араб эзэнтэй болох уу?

 

Английн “Манчестер Юнайтед” клубыг Саудын Арабын хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммед ибн Салман Аль Сауд худалдан авахыг ихэд сонирхож, асар их хэмжээний мөнгө амлахад бэлэн буй тухай мэдээлэл хэдэн сарын өмнөөс түгсэн. Харин “Улаан чөтгөрүүд”-ийн эзэд болох Глейзерийн гэр бүлийнхнээс энэ талаар одоогоор ямар нэгэн тодорхой хариулт хэлээгүй юм.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Аврам Глейзер Саудын Арабад очиж, ханхүү Мухаммед ибн Салман Аль Саудтай биечлэн уулзсан гэнэ. Саудын Арабын ханхүү түүнд гурван тэрбум ам.доллар амласан сурагтай.

Хэдийгээр Глейзерийн хэвлэлийн албанаас Misk Global эдийн засгийн форумд оролцохоор Арабад очсон гэж мэдээлсэн ч хэрэг дээрээ “Манчестер Юнайтед”-ыг зарах наймаагаа биечлэн тогтох гэж очсон хэмээн хэвлэлүүд “хардаж” байна.

Мухаммед ибн Салман Аль Сауд нь түрүүн өгүүлсэнчлэн Саудын Арабын Хаан Салманы хаан ширээг залгамжлах эрхтэй ханхүү юм. Мөн дэлхийн түүхэн дэх хамгийн залуу Батлан Хамгаалахын сайдаар нэрлэгдэж байсан удаатай. Саудын Арабын Авлигатай тэмцэх газрын даргын албыг хашдаг юм байна.

2017 онд Time сэтгүүл түүнийг Оны онцлох хүнээр нэрлэсэн бол 2018 оны хавар Forbes сэтгүүл Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтын 8-д түүний нэрийг тэмдэглэжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE