4 сумын багийн төвийг бариулах тендерт татан буугдсан компанийг шалгаруулжээ

Авлигатай тэмцэх газрын орон нутаг дахь шалгалт үргэлжилсээр байна. Ажлын хэсгийнхэн Архангай аймагт ажиллах үеэр хэд, хэдэн зөрчлийг илрүүлжээ.

Архангай аймаг 2018 онд улсын болон орон нутгийн хөрөнгөөр 72 төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулалт явуулжээ. Гэвч тендерийн баримт бичгээ дутуу ирүүлсэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, сонгон шалгаруулсны дараа гэрээний гүйцэтгэлээ түншлэлээр хийж гүйцэтгэдэг, тоног төхөөрөмж, барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд ажиллах хүч дутмаг болон инженер техникийн ажилтангүй компанийг сонгон шалгаруулсан байжээ. Мөн тендерийн баталгааны шаардлага хангаагүй, татварын өртэй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, үнэлгээний хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл, тайлбар гаргаагүй зэрэг зөрчил дутагдал гаргажээ.

Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд Цахир, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлын тендерт 2015 онд татан буугдсан “Легион” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан байжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE