Кисэносато ёкозүнагийн түүхэн сөрөг-дээд амжилтыг давтав

 

Мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн башё эхлээд дөрөв хонож  байна. Гэвч Кюүшюү башёг магнайлан барилдаж буй ёкозүна Кисэносато эхний дөрвөн өдрийн барилдаанд дараалан ялагдлаа.

Тэрбээр тэмцээний эхний өдөр  комүсүби Такакейшод, хоёр дахь өдөр маэгаширагийн нэг дээрээс боссон Мёгирюүд, гурав дахь өдөр мөн маэгаширагийн нэгд эрэмбэлэгдсэн Хокутофүжид унасан бол өнөөдөр дөрөв дэх өдрийн барилдаанд Точиозанд ялагдлаа.

Мэргэжлийн сумогийн түүхэнд өмнө нь ёкозүна цолтон дөрөв өдрийн барилдаанд дараалан ялагдсан ганц тохиолдол байдаг гэнэ.

1931 оны эхний башёд 29 дэх ёкозүна Миягияма дөрөв дараалан ялагдаж байжээ. Тэрбээр дараагийн башёдоо зодог тайлсан түүхтэй юм.

Харин 72 дахь ёкозүна Кисэносатогийн хувьд  32 настай. Жил хагасын өмнө ёкозүна цол хүртсэнээс хойш нийтдээ найман башё өнжсөн. Өнгөрсөн сарын башёд бүтэн барилдсан ч 10 даваа, 5 унаатайгаар дуусгасан.

news1.mn Р.Гэгээ

SHARE