АСЕМ зохион байгуулсан 17 даргыг АТГ яагаад “сонирхох” болов?! /П.Цагаан/

Д.Бат-Очир

Монгол Улсад 2016 онд АСЕМ-г зохион байгуулах үеэр нэр бүхий  17 албан тушаалтан 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх мэдээлоийг өнгөрсөн зургадугаар сард ҮАГ-аас мэдээлж байв. Тэр мэдээлэл тэгсгээд чимээгүй болсон. Харин хэд хоногийн өмнө дахин босч ирлээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газарт ҮАГ-аас 2018 оны зургадугаар сарын 14-нд 01/1370 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулахаар явуулсан байна.

АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй албан тушаалтнууд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар, ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга асан Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар нар байгаа юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан

“АСЕМ”-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг Ерөнхийлөгчийн Тамгын газар /дарга П.Цагаан/ болон Хөдөлмөрийн яам /Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан/ нар 2015 оны 11 дүгээр сарын 13-нд “АСЕМ”-ын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох, мэргэжлийн ур чадвар олгох, сургалтыг хоол үйлдвэрлэл, тогооч, талх, нарийн боов, зочид буудлын үйлчилгээний ажилтан /хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, баармен, хөтөч, тайлбарлагч/-г бэлтгэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.

Дээрх хамтран ажиллах санамж бичгийн дагуу “АСЕМ”-ын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, ажилгүй иргэдэд мэргэжлийн сургалт явуулж, шинээр ажлын байр бий болгох зорилгоор Хөдөлмөрийн яамны ТНБД /Р.Эрдэнэбүрэн/ болон ГХЯ-ны ТНБД, “АСЕМ”- ын БАА-ны дарга /Д.Ганхуяг/ нар 370.4 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна.

Гэрээний гүйцэтгэлээр ГХЯ-аас 2015 онд 74.2 сая, 2016 онд 222.1 сая төгрөг, ХЭДС-аас 2017 онд 25.2 сая төгрөг, нийт 321.5 сая төгрөгийг олгосон байна. Дээрх санамж бичгийн хүрээнд “АСЕМ”-ын БАА 23 гүйцэтгэгчтэй зочин хүлээн авагч, зөөгч баармен, өрөөний үйлчлэгч тогооч, нарийн боовчин, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан бэлтгэх чиглэлээр “Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах тухай гэрээ”-г байгуулж 279.2 сая төгрөгийг санхүүжүүлжээ.

Эх сурвалж: news1.mn 

SHARE