Дэлхийн хамгийн нууцлаг газрууд…

Долоон тэрбум хүнтэй энэ дэлхий дээр жигтэй сонин нууцлаг газрууд цөөнгүй бий аж. Хэдийгээр техник, технологи үсрэнгүй хөгжиж, машин хүртэл нисдэг болоод буй ч, жирийн нэгэн хүссэн ч, хичнээн хичээсэн ч  очиж чадахааргүй нууцлаг, хаалттай газруудын тухай анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй байна. Тэдгээрийн заримыг нь энд өгүүлье.

20 сүмтэй Афон уул

Грек улсын газар нутгийн зүүн хойд хэсэгт Грекийн Македоны Афон хэмээх өндөр хадан цохиотой уул бий. Үүнийг нутгийн иргэд Гэгээн Афон гэж нэрлэдэг. Энд 20 сүм байрладаг ажээ. 1923 онд Лозанны гэрээний дагуу Афон уул оршдог жижиг арлыг өөрөө өөртөө засан тогтнох улс болгон зарласан байдаг. Хүн амын тоо нь 2300 орчим. Урьд нь 10 мянга гаруй хүн амтай байсан ч жил ирэх тусам цөөрсөөр өдий хэмжээнд хүрчээ. Афон уул руу эмэгтэй хүн битгий хэл эм хүйстэй амьтад ч зүглэх эрхгүй. Эмэгтэйчүүдийг энд ирсэнийг мэдвэл шууд шоронд хорьдог байна. Харин амьтдыг яаж шийтгэдэг нь тодорхой бус гэнэ.

Богемын клуб

АНУ-ын Калифорни мужийн Монте-Рио хэмээх хотын ойролцоо 11 км/квадрат нутагтай Богемын ойн цоорхой гэх нууцлаг газар бий. 1899 оноос эхлэн энд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс жилдээ нэг цуглан уулзалддаг уламжлалтай. Богемын клубын гишүүд л энд зочлох амрах эрхтэй. Гэтэл тус клубын гишүүн болохын тулд 15 жил дугаарлан хүлээх ёстойгоос гадна хатуу тогтсон шалгуур сорилыг нь давах ёстой.

АНУ-ын бүх Ерөнхийлөгчид энэ клубын гишүүн болдог. Мөн алдартай эрдэмтэд, зартай жүжигчид, амжилттай бизнесмэнүүд, томоохон банкны эзэд энэ клубт багтдаг гэдэг. Богемын клуб яг юу хийдэг нь ил болсон удаагүй. Маш нууцлаг. Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаях шийдвэрийг энд гаргасан гэх яриа ч бий. Ер нь дэлхийн удирдлага энд байдаг гэж үзэх хандлага байдаг. Богемын ойн цоорхойн хувьд бол онгон байгалиараа хөндөгдөөгүй нутаг юм билээ. Энэ газрыг нэгэн бизнесмэн 1870-аад оны үед худалдан авч, улмаар Богемын клуб гээчийг байгуулжээ. Клубын бэлэг тэмдэг нь шар шувуу. Тэнд 12 метрийн өндөртэй шар шувууны хөшөө босгосон байдаг гэнэ. Тэрхүү хөшөөнд жл болгон тахил өргөдөг уламжлалтай ажээ. Маш нууцлаг, өндөржүүлсэн харуул хамгаалалттай тул жирийн нэгэн тэнд очно гэдэг зангууны үлгэр гэнэ.

Оросын Межгорье хот

ОХУ-ын Башкортостан улсын Межгорье гэх маш нууцлаг хот бий. Энэ хотыг албан ёсоор хаалттай хот гэж зарласан. Тус хотын 16 мянга орчим иргэнээс өөр хэн ч энэ хотод очих эрхгүй. 1930 оноос эхлэн тосгон байхаас нь энэ хотыг онцгой газар болгожээ. Энэ хотод нэг жил ажиллахад нэг жил хагас ажилласны хэмжээтэй цалин өгдөг аж. Хотын иргэд Москва болон өөр том хотуудад шууд байр авах эрхтэй. Гэхдээ тухайн хотод амьдарч, ажиллаж байсныг нь нууцалдаг тул мэдэгддэггүй гэнэ.

Энд газар доорхи хот байгуулж байгаа гэх цуу яриа гардаг аж. Гэхдээ энд цэргийн бааз, эрдэм шинжилгээний газар байдаггүй гэдэг. Энэ хотыг яг юунд зориулж ашигладаг, ямар үйл ажиллагаа явагддаг нь улсын нууц. Таван цэцэрлэг, Ерөнхий боловсролын гурван сургууль, гурван эмнэлэг байдаг нь л тодорхой гэнэ. Мөн энэ хотод замын гэрэл гэж үгүй. Ердөө хоёр л замын гэрэл байдаг нь гал гарах юмуу онцгой түгшүүр зарласан үед л улаан өнгөөр асдаг ажээ.

Кока-Колагийн жор

АНУ-ын Жоржиа мужийн нэгэн хотын нэгэн байшингийн подвалд хэний ч онгойлгож чадахааргүй сейф байдаг. Энд кока-кола ундааны жорыг хадгалдаг. Кока-колагийн жор одоо хүртэл тодорхойгүй. Боливи, Перугаас тусгай навч авчирч, хар тамхины тунг нь бууруулаад өөр бусад амт оруулагчидтай хольж хийдэг гэсэн таамаглал л байдаг. Кока-кола гэх нэрний эхний үг нь кокаин буюу хар тамхинаас үүсэлтэй гэж үздэг. Тэгээд тус ундаанд донтох, дуршил төрүүлэх чадвар нь хар тамхитай холбоотой ч гэдэг билээ. Гэхдээ бас л бүрэн батлагдаагүй зүйл.

Мөн кока-колагийн жорыг мэддэг хоёрхон хүн дэлхийд байдаг тухай домог шиг яриа бий. Тэр хоёр хүн хоорондоо хэзээ ч тааралдаж уулзахааргүй байдлаар ажлыг нь зохион байгуулдаг. Тэр хоёр байнга дэлхийн өнцөг булан бүр рүү нислэг хийсээр байдаг гэх. Энэ мэт домог шиг яриа 125 жилийн өмнө анх олны аманд хүрсэн кока-колатай холбоотой билээ. Кока-колагийн жорыг олж мэдэх аргагүй гэнэ лээ. Гэхдээ энэ сейфийг зориудаар олонд харуулж домгийг улам баяжуулахыг Кока-колагийн удирдлага хүсдэг ч гэх хардлага бас бий.

Р.Гэгээ

SHARE