Урагшлах боломжуудаа өшиглөөд л байх уу?

Эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэдээ тартагт нь тулгаж ядраахгүй байхын тулд эрх баригчдаас зөв бодлого шаардагдаж буй. Харин саарал ордонд улс төрийн ээлжит зодоон үргэлжилж байгаатай зэрэгцэн Европын Холбооноос манай Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдлээ. Европын Холбооноос  манайд суурин Төлөөлөгчийн газраа нээсэн нь Монгол Улстай хөгжүүлж  харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлж байсан. Харин Европын Холбооны  комиссар Н.Мимица “Европын Холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлэн шинэ шатанд гаргахыг зорьж, Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжихэд онцгой анхаарч ажиллаж буй” гэж байна.

Уг нь Европын Холбооноос  манай улсын экспортыг дэмжиж буй ч, бид боломжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа аж. Ер нь бид үр ашиг дагуулах боломжуудаа ашиглахад анхаарал хандуулалгүй, эрх мэдлийн хэрүүлээ хийсээр олон жилийг өнгөрөөж буй. Эдийн засгийн нөхцөл байдлаа тогтвортой байлгахын тулд манай улс экспортоо нэмэгдүүлж, төрөлжүүлэх ёстой. Гарах биш орж ирэх валютын урсгалаа л нэмэгдүүлэх ёстой.

Р.Гэгээ

SHARE